Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд Хятадын хоёр арлын шумуулыг бүрэн устгаж чаджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадын Гуандун мужид байдаг хоёр аралд туршилт хийсэн эрдэмтэд дэлхийн хамгийн аюултай, түрэмгий шумуулын төрөл зүйлийг бүрэн устгаж чадсанаа мэдээлжээ.

Туршилтын тайланг Лхагва гарагт “International Journal of Science” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгаанд голлох үүрэгтэй оролцсон Ши Жиён нь Мичиганы их сургуулийн профессор бөгөөд шумуултай тэмцэх талаар олон жил ажилласан мэргэжилтэн юм.

Туршилтын үр дүнд Гуанжоу хотын ойролцоох хоёр аралд амьдардаг “Азийн бар” хэмээх төрлийн шумуулын эмэгчний тоо толгой 94 хувиар хорогдож, хазуулсан хүний тоо 97 хувиар буурсан байна. Энэ төрлийн шумуул нь хүнийг хазахдаа халуун орны халдварт өвчин тараадаг ба эмэгчин шумуулууд үүнд гол үүрэг гүйцэтгэдэг байна.

Өмнө нь эрдэмтэд аюултай шумуулыг устгах туршилтыг хийхдээ зөвхөн эр, эмийн аль нэгэнд нь нөлөөлөх арга хэрэглэж байжээ. Энэ удаа Хятадын эрдэмтэд эр, эм хоёуланд нь нөлөөлөх арга хэрэглэсэн нь үр дүнд хүрсэн байна.

Эрдэмтэд хэсэг шумуулыг тасдаж аваад эмэгчнүүдийг нь бага хэмжээтэй цацраг туяагаар үргүй болгож, эрэгчнүүдэд нь нэг төрлийн бактер халдаажээ. Ингээд тэднийг 2016, 2017 оны ид үржлийн үеэр туршилт явуулсан хоёр аралд тавьсан байна.

Үр дүнд нь арлуудад амьдардаг эмэгчин шумуулууд бараг бүхэлдээ устжээ.

Шумуулын экологич Питер Армбрюстер уг туршилтыг өнөөдөр хүртэл хэрэгжүүлсэн туршилтуудаас хамгийн өндөр үр дүнтэй нь гэж сайшаасан байна.

“Азийн бар” хэмээх энэ төрлийн шумуулыг уламжлалт аргаар устгах боломжгүй байсан юм. Уламжлалт аргад хор цацах, өндөгөө гаргадаг тогтоол уснуудыг арилгах зэрэг үйлдлүүд багтдаг.

“Азийн бар” төрлийн шумуул уг нь Ази тивийн уугуул шавьж боловч сүүлийн 40 орчим жилийн хугацаанд дэлхийн бараг бүх тивд хүрээд байгаа. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ амьтныг “дэлхийн хамгийн хор хөнөөлтэй амьтдын нэг” гэж тодорхойлсон байдаг. Халуун орны хумхаа, малариа зэрэг үхлийн аюултай өвчнүүдийг маш хурдтай тарааж чаддаг нь үүнд нөлөөлжээ.

Халуун орны уур амьсгалтай, хүн ам шигүү Гуанжоу хот орчимд 2014 онд хумхаа өвчин тархахад 37,350 орчим хүн өвчилж байсан юм. 2019 оны эхний хагаст Филиппин даяар энэ өвчнөөр 450 хүн амиа алдаж байжээ.

Шумуулаар дамждаг халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй вакцин одоогоор бий болоогүй байна. Тиймээс шумуулын тоо толгойг бууруулах нь өвчний тархалттай тэмцэх хамгийн шалгарсан арга болоод байгаа юм.

 

Эх сурвалж: CNN

 

Зураг
13 | 16 | 16 цаг