Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Идэр: Өвлийн усанд сэлэлт олимпын төрөлд багтвал бид аваргатай болох найдлага байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монголд энэ төрлийн усан спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Өвлийн усанд сэлэлт нь 25, 50, 100, 200, 450, 800, 1,000 метрийн зайд задгай тэнгис, нууранд өвөл -2 хэмийн хүйтнээс +14 хэмийн дулаанд дөрвөн ангилалд сэлж өрсөлддөг гэдгээрээ энгийн усан спортоос ялгаатай.

Энэ төрлийн усан спортын тэмцээн Скандинав, Прибалтик, ОХУ-ын хотуудад зохион байгуулагддаг. Мөн энэ спортыг 2022 онд олимпын нэг төрөл болгох зорилгоор 2014 онд Сочи хотод болсон өвлийн олимпын үеэр тамирчид үзүүлэн тоглолт хийж байжээ.

Тамирчид  -2.4 хэмийн хүйтэн усанд уралддаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч М.Идэр “Манай холбоо нь 2016 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд 2017 онд дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд 20 дахь улс болж бүртгэгдэх хэмжээний амжилтыг нэг жилийн дотор гаргасан. Манай энэхүү спортын талаар ойлголт байдаггүй учраас одоогоор нэг тамирчинтай.

Өвлийн усанд сэлэлт нь хүйсийн ялгаагүй, насны хязгааргүй спортын төрөл юм. Тиймээс ч олон улсын чанартай тэмцээнд оролцож байгаа тамирчдын хамгийн залуу нь зургаан настай, хамгийн хөгшин нь 79 настай. 

Холбооны үйл ажиллагааг  "Алтан-Дорнод Монгол" ХХК ивээн тэтгэж, санхүүжүүлдэг. Монголд энэ төрлийн усан спортоор хичээллэх, бэлтгэлээ базаах газар байдаггүй учраас сүүлийн үед бид өвлийн цагаар Хөвсгөл далайд бэлтгэлээ хангаж байна.

Манай тамирчин 2019 онд өвлийн усанд сэлэлтийн 45-50 насны ангилалд чансаагаараа дэлхийд нэгт бичигдсэн нь Монгол Улс энэ төрлөөр дэлхийд нэгдүгээрт жагсаж байна гэсэн үг юм. Хэрвээ энэхүү усан спорт нь 2022 онд олимпын төрөлд багтвал ирээдүйд бид аваргатай болно гэсэн найдлага байна.

Тамирчид хамгийн хүйтэндээ - 2.4 хэмийн усанд уралддаг. Гэтэл орон сууцуудын крантнаас гарч буй хамгийн хүйтэн ус гэхэд нэмэх таван хэм байдаг юм.

Өнгөрсөн жил Өвлийн усан спортын олон улсын холбооноос манайд улсад дэлхийн цомын аваргын тэмцээн зохион байгуулах эрхийг албан ёсоор өгсөн учраас бид яваандаа дэлхийн хэмжээний цуврал тэмцээнийг зохион байгуулах бодолтой байна. Ингэсэн тохиолдолд өвөл хамгийн багадаа л 18 улсын 700 гаруй тамирчин ирнэ гэсэн үг юм. Бид өвлийн усанд сэлэлтийн спортыг сурталчлах зорилгоор өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна" гэлээ.

Усан спортын тэмцээнд Монгол хүн оролцож байна гэхээр гаднынхан их гайхдаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга, спортын мастер Ш.Даваадорж “Би нийт 36 жил усан спортоор хичээллэсэн. Харин сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд орж байна.

Анх би өөрөө ваннтай усанд мөс хийж байгаад биеэ дасгадаг байсан. Ингэж хичээсний үр дүнд өвлийн усанд сэлэлтийн дэлхийн хэмжээний тэмцээнүүдээс 32 алт, 29 мөнгө, 16 хүрэл медал хүртсэн.

1986 онд усанд сэлэлт сонирхогчдын тэмцээнд оролцож нэгдүгээр зэрэг авч байсан. Харин одоо би 50 настай ч тэр үеэс хойш миний амжилт 8-10 секундээр ахисан.

Усан спортын тэмцээнд Монгол хүн оролцож байна гэхээр гаднынхан их гайхдаг. Тиймээс би анх дэлхийн цомын аваргаас алт авчихаад "Монгол хүн сайн сэлж чадаж байгаа биздээ" гэж тэдэнд гайхуулж байлаа" гэв.

Дэлхийд мөстэй болон өвлийн усанд сэлэлтийн олон улсын хоёр холбоо байдаг бөгөөд мөстэй усанд сэлэлтийн холбоо нь 67, өвлийн усанд сэлэлтийн холбоо нь 21 орны гишүүнчлэлтэй аж.