Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Захирагчаа огцруулахын төлөө Хонг Конгчууд хоёр саяулаа жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн улс төрийн хямрал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Ням гарагт тус хотын хоёр сая орчим иргэн захирагч Кэрри Ламыг огцруулахын төлөө гудамжинд гарсан нь түүхэн дээд үзүүлэлт байв. Тус хотын оршин суугчдын тоо долоон сая орчим. Кэрри Лам маргаан дагуулсан хэрэгтэн шилжүүлэх хуулийн хэлэлцүүлгийг цуцалж, тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэсэн засаг захиргааныхаа өмнөөс уучлал гуйсан юм.

Гэвч Хонг Конгийн иргэд үүнд нь сэтгэл ханалгүй дахин жагсаж байна. Тэд одоо эх газрын Хятадад хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг буцааж татах, дахин жагсагч тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг амлах, Кэрри Ламыг огцрохыг шаардаж байгаа ажээ.

Өнөөдөр өглөөний байдлаар жагсагчид Хонг Конгийн засаг захиргааны байруудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Хэрэгтэн шилжүүлэх шинэ хууль батлагдвал Хонг Конгт дүрвэж ирсэн гэмт хэрэгтнүүдээс гадна тус хотын өөрийнх нь иргэдийг эх газрын Хятадад шилжүүлж, коммунист шүүхээр шийтгүүлэх боломж нээгдэнэ.

Бүс нутгийн бизнесийн төв болдог Хонг Конгийн бие даасан шүүхийн систем нь тус хотыг коммунист Хятадын нөлөөнөөс тусгаар байлгадаг хана хэрэм юм.

Хэрэгтэн шилжүүлэх хуулийг тус хотын захирагч Кэрри Лам санаачилж, парламентаар батлуулахаар яарсан бөгөөд үүнтэй зэрэгцэн Хятадын төв хэвлэлүүд түүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Хонг Конгчуудыг босоход хүргэсэн байна.

Хуулийн төслийг эсэргүүцсэн анхны жагсаал өнгөрсөн Ням гарагт болсон бол хоёр дахь жагсаал Лхагва гарагт болоход 1.3 сая хүн оролцжээ. Энэ үеэр цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж, олон арван иргэн гэмтэж бэртсэн юм.

Энэ сарын сүүлээр Японы Осакад болох “ИХ 20”-ын чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзахдаа Хонг Конгийн иргэдийн тэмцлийн талаар ярилцахаар төлөвлөснийг төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian