Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс хариу арга хэмжээ авч, АНУ-ын бараанд импортын татвар оноож эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагаас эхлэн АНУ-ын 28 төрлийн импортын бараанд өндөр татвар оноож эхэлснээ Энэтхэгийн засгийн газар зарлажээ.

Дональд Трампын засаг захиргаа тус улсын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд өндөр татвар оноосны хариу болгон ийм арга хэмжээг авсан байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Энэтхэгийн тал хариу арга хэмжээ авахаа зарласан ч хоёр орны хоорондын худалдааны хэлэлцээрийн үр дүнг хүлээн хойшлуулаад байв. Тэгвэл энэ сарын эхээр Дональд Трамп тус улсад хөнгөлөлт үзүүлдэг худалдааны гэрээнээс гарч байгаагаа зарласан юм.

Тиймээс Энэтхэгийн засгийн газар хариу арга хэмжээгээ хэрэгжүүлснээр АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүн 70 хувийн өндөр татвар төлдөг болж байна.

Энэтхэгийн сангийн яам шийдвэрээ “ард түмний ашиг сонирхол” гэж тайлбарлажээ. Өндөр татвартай болж байгаа Америк бараанууд нь бүйлсийн самар, алим зэрэг хүнс, хөдөө аж ахуйн голдуу бараанууд байна.

Нэг төрлийн сам хорхойг 29 дэх бүтээгдэхүүн болгон оруулахаар анх төлөвлөж байсан ч энэ удаа хассан гэнэ.

Америк-Энэтхэгийн худалдааны хэмжээ 2018 онд $142 тэрбумд хүрсэн нь 2001 оноос хойш долоо дахин өссөн дүн юм байна.

Өмнө нь Энэтхэгийн $5.6 тэрбумын дүнтэй бараа импортын татваргүй АНУ-ын зах зээлд нийлүүлэгддэг байсан бол Трампын шийдвэрээр татвартай болж байгаа юм.

Мөн Иранаас газрын тос авах, Оросоос зэвсэг худалдаж авах тохиолдолд Энэтхэгийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмнэ гэж Вашингтон сүрдүүлж байв.

Дональд Трампын засаг захиргаа гадаад худалдааны алдагдлаа бууруулахын тулд дэлхийн олон оронтой худалдааны нөхцлөө өөрчилж байгаа. Хоёр орны удирдагчид энэ сарын сүүлээр Японы Осакад болох “Их 20”-ын чуулганы үеэр уулзах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC