Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.
Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа.
Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15,563 иргэн саналаа өгсөн байна.
“Төвшингүүд Констракшн” ХХК-ийн захирал А.Түвшинбаяр “Төслийн уралдааныг зохион байгуулсан нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Бидний зүгээс төв талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн билэгдэл хангардиас санаа авч хийсэн. Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байхаар шийдсэн.
Усан оргилуур нь хурын усыг дахин ашиглахаар шийдсэн. Цаашид Улаанбаатар хотын олон байршилд хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн үзэл санааг хадгалсан, шинэ техник технологи ашигласан, дэлхийн хотуудын жишигт хүрсэн, дотоод гадаадын аялагч, зочид гийчдийн нүдийг хужирласан өвөрмөц архитектурыг үндэсний мэргэжилтэнгүүдтэй хамтарсан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохоо энэ дашрамд илэрхийлье” хэмээлээ.
Шагналт байруудад “Кью Эл Скейл” ХХК, “Эн Эс Партнерс” ХХК багийн бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнуулав.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Уралдаанд мэргэжлийн байгууллагуудаас гадна оюутан залуусыг оролцуулах бүхий л боломжийг нийслэлийн зүгээс хангасан. Бидний тавьсан шаардлагыг хангасан 16 бүтээл ирсэн. Бүтээлүүд дээр олон нийтийн саналыг нээлттэйгээр авсан байгаа. Ажлын хэсгийн саналаас гадна 15 мянга гаруй иргэн саналаа нээлттэйгээр өгсөн. Төв талбайн урд хэсгийн тохижилтын ажилд та бүхний энэ гаргасан санаа шууд тусах болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!