Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэн баталснаар телевизүүдийн цаад эздийг ил болгож, үндэсний контентуудыг хөгжлүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: IPTV арилжааны телевизүүдийн хоорондох маргаан яаж шийдэгдсэн бэ. Өнөөдөр байгаа энэ олон телевизийг цэгцэлж, хөл дээр нь босгохын тулд энэ хууль хэрэгтэй. 

Ажлын хэсэг н.Чинзориг: Үндэсний нэвтрүүлгийг хөгжүүлэх сан гэж байгаа. Ажлын хэсэгт IPTV  болон арилжааны телевизүүдийн удирдлагууд орсон. Хэрэв хэлэлцэхийг дэмжихийн бол энэ асуудлыг шийднэ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 14-15 асуудал өргөн барьсан хууль дээр нэмэгдэж хасагдах эсэх асуудал ажлын хэссгийн хүрээнд яригдана. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хуулийг өргөн барьснаас контентийн тал дээр нөлөөлөх зүйл байгаа юм. Сүүлийн үед телевизүүдээр Үндэсний телевизээр Колумбын хар тамхины наймаачны тухай кино гаргаж байгаа нь зохимжгүй байна гэсэн шүүмжлэл гарах боллоо. Энэ хууль нэвтэрснээр салбарт нь ямар ахиц гарах юм бэ. 

Ажлын хэсэг Н.Тогтохсүрэн: Одоо бол хөтөлбөрт гэхээсээ илүү техник, технологид шаардлага тавьж байгаа. Харин энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол контентод тавигдах шаардлага тодорхой болж, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалж, хэм хэмжээг нь тогтоох боломжтой болох юм.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ хууль батлагдсанаар Монгол контентууд үнэлэгдэнэ. Контент чанаржих, тэр нь тухайн телевиздээ тодорхой хэмжээний орлого оруулах боломжтой болох юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр санал хураалт явуулж 100 хувийн саналаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.