Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Америкийн хөлгүүд Өмнөд Хятадын тэнгист мөргөлдөх шахав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Орос, Америкийн тэнгисийн хүчний байлдааны хөлгүүд Филиппиний арлуудын ойролцоо хэдхэн метрийн зайтай ойртсон байна.

Хэрэг явдлын дараа талууд харилцан бие биенээ “аюултай, мэргэжлийн бус жолоодлого” хийлээ хэмээн буруутгажээ.

Орос, Америкийн байлдааны нисэх онгоцнууд хоёр улсын агаарын хил дагуу тагнуулын мэдээлэл цуглуулах, эсрэг талынхаа хариу үйлдэл үзүүлэх чадварыг сорих зорилгоор тулгарах явдал түгээмэл байдаг. 

Харин тэнгисийн хөлгүүд ингэж ойртох тохиолдол маш ховор юм.

АНУ-ын Номхон далайн долдугаар флотын командлагч Клэйтон Досс гаргасан мэдэгдэлдээ Оросын “Адмирал Виноградов” хөлгийг аюултай үйлдэл хийж, өөрийнх нь хөлгийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж буруутгажээ.

Тэрээр хөлөг хоорондын зай 15-30 метрт хүрсэн гэж мэдээлсэн байна.

Харин ОХУ-ын тэнгисийн флот АНУ-ын USS Chancellorsville хөлгийг гэнэт чиглэлээ өөрчилж, өөрийнх нь хөлгийн замд хөндөлссөн тул 50 хүртэл метр ойртсон гэж эсрэг талаа буруутгасан байна.

АНУ-ын тэнгисийн хүчний гаргасан хэд хэдэн видео дүрсэнд хоёр хөлөг ойрхон зайтай зэрэгцэн хурдалж байгааг харуулжээ. Мөн Оросын хөлгийн нисдэг тэрэгний тавцан дээр хөлгийн багийн зарим гишүүд наранд биеэ шарж суугааг харуулсан байна.

Гурван өдрийн өмнө Газар дундын тэнгист Оросын Су-35 сөнөөгч онгоц Америкийн нисэх онгоцонд хэт ойртож аюул учруулсан тухай АНУ-ын тэнгисийн зургаадугаар флотын командлал мэдээлж байжээ.

Эх сурвалж: Interfax