Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтансор: Бид хүүхдээ дэлхий ертөнцтэй харьцаж эхлэхээс нь өмнө өөртэй нь танилцуулах хэрэгтэй

ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

IQ-ээс илүүтэйгээр EQ чадварыг 21-р зууны иргэний эзэмших ёстой чадвараар нэрлэсний учрыг энэ удаагийн ярилцлагаараа эрж хайхыг зорилоо.

“Ядуу хүн гэж байдаггүй. Харин залхуу хүн гэж байдаг” энэ үг Тунгалаг тамир киноны нэгэн хэсэгт гардаг бөгөөд үүний цаад үзэл санаанд сайн сайхан амьдарч чадах эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн утга илэрхийлэгддэг.

Тэгвэл хүн нийгэмд ямар байр суурь эзлэх, амжилт гаргах, сэтгэл зүйн хувьд тогтвортой, аз жаргалтай амьдарч чадах эсэхэд нөлөөлөх хамгийн чухал суурь нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвараас нь шалтгаалж байгааг сүүлийн үеийн эрдэмтдийн судалгааны бүтээлүүд болоод Харвардын судалгаа харуулсаар байгаа юм. Тиймээс EQ чадвар гэж чухам юу? болох, яагаад бид үүнд анхаарах ёстой талаар АНУ-ын Калифорни Мужийн Их Сургуулийн Боловсролын Магистр зэрэгтэй, EQ Educator,“Q Education Group”-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансортой ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн боловсролын тухай, тэр дундаа EQ хэмээх чадвар боловсролд хэрхэн хамаарч байгаа талаар хоёулаа яриагаа эхлүүлцгээе?

Баярлалаа. Танд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан, цаашлаад үүнийгээ удирдан чиглүүлэх гэдэг нь хүний бүхийл амьдралтай холбоотой юм. Яагаад гэвэл бид чинь сэтгэл хөдлөлийнхөө нөлөөллөөр өөртөө болоод бусдад, мөн амьдралдаа ханддаг өгөгдөлтэй шүү дээ. Үүнийг хамгийн энгийнээр ойлгуулахын тулд АНУ-ын эрдэмтдийн 20 жилийн турш хийсэн нэгэн судалгааны тухай ярьмаар байна л даа.

Судалгаанд 4 настай хүүхдүүдийг оролцуулаад тэдэнд нэг нэг чихэр өгдөг. Яг одоо иднэ гэвэл үүнийгээ аваад харин 5 минут хүлээгээд тэсэж чадах юм бол хоёр болгож авах гэсэн сонголттойгоор. Мэдээж зарим хүүхэд тэр дороо авч зарим нь тэсэж байгаад хоёрыг авсан байдаг. Гэхдээ тэр бяцхан хүүхдүүд чихрээ хүлээх үеийн тэсвэр, гар биеийн хөдөлгөөн, царайны хувирал зэргээс тийм ч амар биш байсан нь ажиглагдсан байдаг. Ерөнхийдөө өөрийгөө хянах чадварт тодорхой хэмжээнд төлөвшсөн хүүхдүүд тэвчээд 2 болгон авч, харин бусад нь хэдий хүүхэд учир буруутгах аргагүй чамархан бууж өгөх хандлага тодорхой хэмжээнд байгаа учраасяг одоо гээд авсан гэсэн үг шүү дээ. Хүлээцтэй хүүхдүүд нь илүү зорилго тавьж чадаж байгааг эндээс харж болно.Судалгааны явцад тэдгээр хүүхдүүднь ЭЕШ-нд бусад хүүхдүүдээсээөндөр оноо аваад зогсохгүй илүү зорилго тавьж амьдралдаа амжилтыг бий болгож байгаа нь тогтоогдсон байдаг. Эндээс бид сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байна гэдэг нь эргээд академик чадварт нь, боловсролд нь нөлөөлдөг гэдгийг харж болох юм.

EQ гэдэг нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварын тухай ойлголт гэдгийг бидний ярианаас хүмүүс ойлгож байгаа байх. Гэхдээ үүнд яг ямар ямар ойлголтууд багтдаг талаар товчхон тодорхой хариултыг өгвөл?

Америкийн сэтгэл судлаач Даниэл Гөүлмэн EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг “өөрийн сэтгэл хөдлөлөө танин мэдэх”, “зөв удирдан чиглүүлэх”, “өөрийгөө сэдэлжүүлэх”, “бусадтай харилцах”, “эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох” гэсэн таван дэд үзүүлэлтийн цогц нэгдэл юм гэж томьёолсон байдаг. Хүүхдийн эдгээр чадварыг бүр багаас нь дэмжин дасгалжуулбал тэд гэр бүлдээ хайр дүүрэн эрүүл харилцааг, ажилдаа манлайллыг, нийгэмдээ үнэ цэнийг бий болгогч нэгэн болж өсөх бүрэн боломжтой юм. Харин эсрэгээрээ, энэ талын мэдлэг, ойлголт бага байх тусам төдий чинээ сэтгэл хөдлөлийнхөө “хавханд” унадаг, улмаар үр дагаврыг нь тооцоолоогүй үйлдэлд өөрийгөө түлхдэг нэгэн болох магадлалтай гэсэн үг юм.

Ярилцлагын зочны маань хувьд боловсролын байгууллагад 10 гаран жил ажиллаж сүүлийн 3 жил бага насны хүүхдийн боловсролруу чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бага насны хүүхдийн онцлог, энэ чиглэлрүү яагаад илүү орох болсон тухайгаа ярьвал?

Би АНУ-д сурч байхдаа хүүхдүүдийнхээ сурдаг сургууль цэцэрлэгээс нь маш олон сайхан мэдрэмж, мөн боловсролын байгууллагад ажилладаг болоод ч тэр үү олж харах, Монголтойгоо харьцуулах зүйл их байсан. Ер нь л тэнд сурч байхдаа боловсрол хаанаас, юунаасаа эхэлж байж амжилттай өндөрсөх тухай их зүйл олж харж, судалсан юм. Онц сурах, академик боловсрол нь хүүхдийн эцсийн зорилго биш шүү дээ.

Тэгвэл боловсрол ер нь хэнийг бэлдэх гээд байгаа юм бэ? Арван жил, их дээд сургуулиас хүүхдүүд академик боловсролыг олж авдаг. Энэ бүхнийг амжилттай олж авах, хамгийн гол нь энэхүү боловсролынхоо үр шимийг гаргаж чаддаг амжилттай, мөн бусадтай зөв эрүүл харилцаатай,аз жаргалтай амьдарч чадах иргэн бидний эцсийн зорилго шүү дээ.

Харин цэцэрлэгийн хүүхдийн насны онцлог бол хүний бүхийл амьдралынхаа турш хөгжих тархины хөгжлийнхөө 70-80 хувийг бүрдүүлж байдаг маш чухал үе юм. Энэ үед тархинд ямар мэдээлэл өгнө тэр нь насан туршийн тухайн хүнийг бүтээж байдаг. Тиймээс бид  хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй харьцаж эхлэхээс нь өмнө өөртэй нь танилцуулах нь хамгийн эхний хийх зүйл юм байна гээд нийгэм, сэтгэл зүйн буюу сэтгэл хөдлөлийн сургалтаа хөтөлбөртөө оруулж эхэлсэн юм. Дэлхийн хөгжилтэй орнууд аль хэдийн үүнийг боловсролын системдээ нэвтрүүлчихсэн. Тиймээс бид хүний хөгжлийн энэхүү суурь ойлголтоос хоцрохгуйн тулд заавал төр засаг гэхгүйгээр чадах чинээгээрээ үүнд хувь нэмрээ оруулах ёстой юм. Иймээс л сэтгэл хөдлөлөө удирдах чадварын хамгийн эхний ойлголт болох өөрийгөө таньж мэдэхээс нь эхлээд хүүхдүүдээ төлөвшүүлдэг Монголын анхны үлгэрлэл болсон цэцэрлэг, хүүхэд хөгжүүлэх төв байя гэсэн зорилго маань биелж улам өргөжөөд явж байна даа.

EQ  хөтөлбөрийн хичээлд хамрагдсан хүүхдүүдийн үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

Хүүхдүүд маань өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг өнгөөр, тоогоор илэрхийлээд л эхэлдэг.Таагүй зүйл тохиолдсон өдрөө улаан байсан, дунд зэрэг бол шар гэх мэтчилэн. Улаан байсан бол юунаас болоод улаан болсноо ярих жишээний. Энэ чинь өөрийн сэтгэлээ ямар байгааг таньж сурах эхний алхам юм. Хамгийн гол нь яагаад би уурладаг гунигладаг юм. Юу намайг аз жаргалтай байлгадаг юм бэ? гэдгээ мэддэг. Мөн сэтгэл хөдлөлийн талаарх үгсийн сан нь нэмэгдэж “Өнөөдөр би гунигтай байсан, эсвэл ээжээ би таны аз жаргалын сагсыг дүүргээд өгье” гээд сайхан үг хэлэх, тэврэх, хайртай гэдгээ илэрхийлэх гэх зэргээр хичээл дээрээ сурсан зүйлээ гэртээ хэрэгжүүлдэг тухай сонсоход таатай байдаг. Бүр бие биетэйгээ дэрсхэн хоёр хүүхэд хоорондоо муудахдаа чи сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байна гэдэг үгийн сонголттой болсон байна гэж нэг ээж хэлэн инээж байсныг санаж байна. Сэтгэл хөдлөл гэж байдаг. Түүнийг зохицуулах ёстой гэдгийг тэд бага багаар хүлээн авч суралцаж байна гэсэн үг шүү дээ. Бид ч гэсэн маш их урам авч сургалтаа улам бүр хүүхдэд ойрхон байлгахын тулд хүүхдийн ертөнцөд өөрсдөө очих, тэр түвшинд нь хамт байх ёстой юм байна гээд QKiddyZ контент төслийг мөн Монголдоо анхлан санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа юм.

 

 

Энэ төслийнхөө талаар илүү дэлгэрүүлбэл?

Сэтгэл хөдлөлийн мэдрэмж гэдэг гарт баригдахгүй хийсвэр зүйл. Үүнийг хүүхдүүдхэрхэн ойлгуулах вэ? гэдэг их чухал байсан. Хичээлээ заахдаа гарын авлага, хэрэглэгдэхүүн, заах арга зүйн дүрчилсэн тоглолтыг бэлддэг. Хүүхэд гэдэг, тэр дундаа 2-7 насны хүүхдийн онцлог бол хийсвэрлэн сэтгэх, оюун санаандаа фантаазлан төсөөлөх, түүгээрээ тоглох, түүнээсээ суралцах нь элбэг. Тиймээс илүү ойрхон, өргөн цархүрээгээр хүргэхийн тулд тэдний ертөнцөд бид өөрсдөө нэвтэрч орох ёстой юм байна, тэдэнд зөвлөдөг, үлгэр дуурайлал үзүүлдэг, сэтгэл хөдлөлөө ойлгон удирдахад туслах тэдний хайртай дүрийг бий болгохоор шийдсэн. Ингээд багийнхан маань ажилдаа орж аав ээжүүд бидний тэр бүр  тайлбарлаж ойлгуулахад хүндрэлтэй байдаг сэтгэл хөдлөлийн үндсэн 5 мэдрэмж болох Уурхан, Хайр, Баярбаясгалан, Гунигхан, Айдасхан 5 маань мэндэлсэн дээ. Цаашдаа цуврал болон гарах үлгэр, дасгал ажлын номын эхний дугаараараа хүүхдүүдтэйгээ уулзан, худалдаанд гараад эхэлчихлээ. Бидний зорилго болэдгээр мэдрэмжийн аль нэг нь сайн, эсвэл аль нэг нь муу биш. Зүгээр л хүн бүхэнд төрдөг мэдрэмж. Харин үүнийг хэрхэн илэрхийлэх вэ? гэдэг нь чухал гэдгийг ойлгуулах сэтгэл хөдлөлийн цагаан толгойг бий болгох юм. Зөвхөн манай цэцэрлэг болон, хүүхэд хөгжлийн төвд сурдаг гэхээсээ илүү бусадолон олон хүүхдэд мэдрэмжээ, өөрийгөө таньж мэдэхэд энэ дүрүүд, цаашид гарах контентууд маань тусалж сэтгэлзүйн боловсрол олгоно гэж итгэж байна.

Цуврал номынх нь энэ удаагийн дугаар ямар нэртэй, ямар үйл явдалтай талаар товчхон дурдаж болох болов уу?

Бололгүй яахав. “Бүби Номи хоёр мэдрэмжүүдтэйгээ танилцсан нь” үлгэрийн ном, “Мэдрэмжүүдээ таних миний алхмууд” гээд дасгал ажлын ном хамтдаа гарсан байгаа. Хүүхэд нь дэлгүүрт ороод тоглоом эсвэл амттан авна гэж уйлдаг тохиолдлыг үзээгүй аав ээж гэж бараг үгүй байх. Ийм үед яах ёстой тухай асуулт сэтгэл судлаач EQ-ийн багш нарт маань ч хамгийн их ирдэг. Тиймээс 7-н настай Бүби хүү, 3-н настай Номи хоёр ээжтэйгээ дэлгүүр орсноор үйл явдал эхэлж мэдрэмжийн өхөөрдөм мастеруудтай танилцан шинэ зүйл таньж мэддэг.  Дасгал ажлын номын хувьд мэдрэмжүүдээ таньж мэдэх болоод түүнийгээ илэрхийлэх дасгал ажлууд орсон байгаа. 

 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдтэйгээ харьцахдаа гаргадаг сэтгэл хөдлөлийн түгээмэл алдаа мэдээж байгаа л байх. Танд анзаарагдсан ийм алдааг нэрлээч гэвэл?

Бид хүүхэдтэйгээ харьцахдаа тэднийг “хүүхэд” гэсэн ганц өнцгөөр л харах нь элбэг байдаг. Энэ л бидний алдаа болдог. Жишээ нь хүүхэд маань ууж байсан ямар нэг зүйлээ асгах үед нь “Өө яагаад асгачихваа, болгоомжтой байлдаа. Дандаа л асгаж цутгаж байх юм” гээд л загнах нь олонтаа. Гэтэл гэртээ урьсан найз тань уух юмаа санаандгүй асгачихвал “Чи асгачихлаа яасан сонин юм бэ” гэдэггүй биз дээ. Зүгээр зүгээр арччихъя, ахиад хийгээд ирье гэдэг. Тэгвэл бид яагаад ажил дээрээ, найз нөхөд дундаа харилцаж байхдаа сэтгэл хөдлөлөө хянадаг шиг хүүхдүүдтэйгээ тэгж харьцаж болохгүй гэж?

Нөгөө талаас бид үлгэр дуурайлал болж байх ёстой хирнээ өөрсдөө маш том алдааг гаргачихаад би том хүн, чи хүүхэд гээд сууж байдаг нь өөрөө алдаа юм. Жишээ нь  “Чи яагаад дүүгээ цохиод байгаа юм бэ?, яагаад айлын хүүхэд түлхэж байгаа юм? гэх мэтээр зэмлэхдээ өөрсдөө “айн чи” гээд л гар дээр нь цохиод авдаг тохиолдол их шүү дээ. Үүгээрээ ууртай үедээ хүн цохиж болдог юм байна гэдгийг, мөн хүүхдийнхээ цохиж байгаа үйлдлийг буруу гэж уг нь зэмлэж буй мөртлөө өөрөө бол цохиж болно гэдэг хоёрдмол санааг өгч байдаг.  Мөн хүүхдээ зоригтой хүн болгоно гээд “Эр хүн байж уйлаад байхдаа яадаг юм, битгий уйл, нулимсаа арч” гэх мэтээр зүгээр л хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг хувцас сольж буй мэтээр өөрчлөхийг хүсдэг, сэтгэл хөдлөлийг нь ойлголгүй үл тоомсорлодог эцэг эхчүүд байх нь олон. Гэтэл энэ мэдрэмж хүн бүрд байдаг. Бүх мэдрэмж илэрхийлэгдэх ёстой. Гэхдээ зөвөөр, ухаантайгаар. Тиймээс хүүхэд гэлтгүй бид бүгд өөрсдөө энэ талаар сурах ёстой, мэдэх шаардлагатай юм шүү дээ.

 

 

Эцэг эхчүүдийн хувьд тэгвэл яах ёстой вэ? Юунаас эхлээсэй гэж та зөвлөх вэ?

-Эцэг эхчүүдийн хувьд хамгийн түрүүнд хүүхдээ ажиглаж, тэднийхээ сэтгэл хөдлөлийн дасгалжуулагч нь болохын төлөө өөрсдийнхөө харилцаа хандлага, үгсийн сан дээрээ ажиллаж хэт шүүмж харьцаанаас зайлсхийх хэрэгтэй юм. Жишээ нь түрүүний тохиолдол шиг хүүхэд сүү асгачихлаа гэж бодвол “Өө чи сүү асгачихлаа шүү дээ” гэхийн оронд тэр үйл явдлыг дүрслэнхэлэх хэрэгтэй. “Өө, өө сүү асгарчихлаа. Одоо яах вэ?” гээд өөрөөр нь шийдлийг нь олуулах, “Алив арчихад надад туслаарай” гээд алдаагаа залруулах боломжийг олгох хэрэгтэй.

-Нөгөө талаасаа магтаал дээр ч адилхан хэтрүүлэх хэрэггүй. “Мундаг шүү. Ямар гоё зураа вэ? яг л Пикасо шиг” гэх ч юм уу. Тэгвэл хүүхэд өөрийгөө Пикасо шиг мундаг гээд бодчихдог. Үүнийхээ оронд энэ “Зурагны нар нь гэгээлэг сайхан мэдрэмж өгч байна. Инээсэн нь надад инээмсэглэл төрүүлж байна. Сайн байна ахиад улам хичээгээрэй”гэж болно шүү дээ.

-Хүүхэд бага зэрэг шалбарсан, маажуулсан үед нь “зүгээр зүгээр сүртэй юм бэ” гээд явуулчихдаг.  Үүнийхээ оронд“Миний хүү өвдөж байна уу? би ямар байгааг нь мэдэрч байнааа. За тэсээрэй”гэх зэргээр өөрийг нь ойлгосон сэтгэл хөдлөлийг тэд хүсэж байдаг. Үүнийг мэдэрч өссөн хүүхэд бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай болдог.

-Гэхдээ нөгөө талаасаа хүүхдээ загнахгүй байна гээд бас хэт өөгшүүлээд бай гэсэн үг биш юм. Болох болохгүй, зөв буруугийн хязгаарыг л тогтоож ойлгуулж хэлэх хэрэгтэй. Ер нь хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийн дасгалжуулагч байна гэдэг тиймч амаргүйлдээ. Бид өөрсдөө сэтгэл хөдлөлийн л амьтан учир янз янз болдог. Тиймээс тэр болгон төгс аав ээж байж чадахгүй байгаагаа хэт буруутгах хэрэггүй. Ихэнх тохиолдолд хичээж буй аав ээжүүд40 хувьднь уужуу байж чаддаг. Үлдсэн хувьд нь загнах үедээ загначихдаг гэсэн үг. Тиймээс энэ үедээ эргээд уучлалт гуйх хэрэгтэй. “Сая сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй чанга дуугаар илэрхийлчихлээ уучлаарай”, “Ийм учраас сэтгэл дундуур байсан болохоор” гэх мэтчилэнгээр. Хүүхдэд энэ уучлалт маш гоё мэдрэмж өгдөг. Мөн том болоод өөрийн юу нь зөв, юу нь буруу гэдгийг үнэнчээр хүлээн зөвшөөрч ойлгож ялгаж салгаж чаддаг болдог.

Техник технологи ийм хурдтай хөгжиж буй энэ цаг үед бид яг л робот шиг зүрх сэтгэлгүй хэн нэгнийг бий болгохын оронд юу хүсээд байгаагаа ойлгодог, түүндээ хүрэхийн тулд яах ёстойгоо мэддэг, хэрэгжүүлдэг чадвартай ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог. Гунигласан үедээ яаж тайвшрах, айсан үедээ хэрхэн зоригжихийг тэд маань мэдэхгүй шүү дээ.  Тиймээс л зөвхөн багш гэлтгүй аав ээжүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийн дасгалжуулагч нь байгаачээ гэж хэлмээр байна.

 

 

Q Education Group”-ээс хэрэгжүүлэх хүүхдийн боловсролын талаарх дараагийн алхмууд юу байх вэ?

Бидэнд хүүхдийн олон талт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэг л том зорилго байдаг л даа. Түүндээ бүрэн дүүрэн хүрэхийн тулд урагшилсаар л байна. Хүүхэд бүхэн өөр учир сэтгэхүйн онцлогт нь тохирсон Англи хэл+Лего, Англи хэл+Science, Англи хэл+ EQ,Англи хэл+АR уншлагын хөтөлбөр гэх зэрэг олон улсад амжилттай хэрэгждэг хөтөлбөрүүдийг сонголттойгоор хүүхдүүддээ санал болгодог. Мөн эдгээрийгээ үр дүнд хүргэж хэрхэн 21-р зууны хүүхдүүдэд хүргэж заах вэ? гэдэг дээр үргэлж л шинэчлэл иноваци хийн ажилласаарс байна. Шинжлэх ухааны хийчээлийг жишээ нь хэрхэн сонирхолтой зааж байгаагаас хамаараад хүүхэд шинжлэх ухаанд дурлан цаашид суралцах үгүйг шийдэж байна шүү дээ. Сурахад дурлуулж чадахгүй бол үнэ цэнэгүйдсээр л байна.

Дэлхийн хөгжингүй улс орнууд 2030 онд анги танхим ямар байх, юу заахыг, хүүхдүүд яаж хүлээж авахыг судлан тогтоогоод, реформ хийн төлөвлөгөө гаргаад бэлтгэл ажилруугаа орчихсон байна. Гэтэл бид 2030 онд ямар сургалтын арга барил ноёлох талаар бодоогүй явж байж болохгүй шүү дээ.

Боловсрол, чадвар ирээдүйг тодорхойлдог учир үүнд ийнхүү алсын хараагаар хандах нь мэдээж боловсролын салбарын онцлог байх ёстой шүү дээ. Ийм чухал сэдвээр бидэнтэй ярилцаж уншигчдад маань тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Та бүхэнд ч мөн баярлалаа.                                                                                                                     

Сэтгүүлч: Д.Чанцал

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.