Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Маккэйн агсны нэртэй хөлөг онгоцыг нүднээсээ холдуулах даалгаврыг Дональд Трамп өгсөн үү?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Саяхан Япон улсад дөрвөн өдрийн айчлал хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад байрлах өөрийн цэргийн баазад зочилсон юм.

Уг баазад өнгөрсөн онд нас барсан сенатор Жон Маккэйний нэрэмжит байлдааны хөлөг онгоц байдаг.

Тэгвэл Трампыг зочлох үеэр USS John S. McCain хөлгийг нүдэнд харагдахгүй байлгах чиглэлийг Цагаан ордноос урьдчилж баазын командлалд өгсөн тухай баримтыг “The Wall Street Journal” өчигдөр мэдээлжээ.

Энэ чиглэлийн дагуу Маккэйний нэрэмжит хөлгийн нэрийг бүтээлгээр хааж, тус хөлөг дээр алба хаадаг цэргүүдийг тухайн өдөр амраасан байна.

Усан цэргүүд өөрийн алба хаадаг хөлгийн нэрийг хувцсан дээрээ зүүсэн байдаг юм.

Тэгвэл уг мэдээллийг гарсны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа “Намайг сая Японд айлчлах үед USS John S. McCain хөлөгт ямар арга хэмжээ авсан тухай би огт мэдээгүй” гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл тэр уг мэдээлэлтэй холбогдуулан нэрээ цэвэрлэх агуулгатай мэдэгдэл хийсэн байна.

Аризона мужийн сенатор агсан Жон Маккэйн нь 2008 онд Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Вьетнамын дайны үеэр коммунистуудад олзлогдож, таван жилийг шоронд хоригдож, эрүүдүүлж өнгөрөөсөн ахмад дайчин юм.

Трамп сенатортай таарамж муу, үргэлж түүнийг шүүмжилдэг байсан. Тэр ч байтугай өнгөрсөн оны наймдугаар сард хорт хавдрын улмаас нас барахад нь ч шүүмжлэлээ зогсоогоогүй юм. Маккэйн ч Трампын бодлогыг хүчтэй шүүмжлэгч байв.

Өчигдөр сенатор агсны том охин Меган Маккэйн “Трамп бол миний аавын гайхамшигтай амьдралын сүр хүчнээс үргэлж айж явдаг жаахан хүүхэд юм” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

“Намайг аавынхаа талаар их магтдаг гэсэн шүүмжлэл байдаг. Гэхдээ нас барснаас нь хойш есөн сар өнгөрөөд байхад ч Трамп аавд минь хүндлэл үзүүлсэнгүй. Тиймээс би тэссэнгүй үгээ хэллээ” гэж тэр үргэлжлүүлсэн байна.

Жон Маккэйн болон АНУ-ын тэнгисийн цэргийн адмиралууд байсан түүний эцэг, өвөг эцгийн дурсгалыг хүндэтгэж, USS John S. McCain хөлгийн нэрийг өгсөн юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
13 | 16 | 16 цаг