Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮҮХДИЙГ нэн тэргүүнд тавихаа баталгаажуулах гурван хүчин зүйл

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийг Ивээх Сан нь “Хүүхэд Насны Төгсгөл” дэлхий нийтийн тайланг үүсгэн байгуулагдсаныхаа 100 жилийг тохиолдуулан хүүхдийн төлөө хийгдэж буй амжилт дэвшлийг тодотгон гаргажээ. Одоо үед мэндэлж буй хүүхдүүд сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүйгээр эрүүл, боловсролтой, хамгаалагдсан орчинд өсөж, өөрсдийнхөө заяагдмал чадвар нөөцийг бүрэн дүүрэн ашиглах илүү өргөн боломжоор хангагдаж байгааг Хүүхдийг ивээх сан тайландаа онцолсон байна.

Тайланд 176 улс орон дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг үнэлж, хүүхдийн эндэгдэл, хөдөлмөр эрхлэлт, сургууль завсардалт, охидын эрт гэрлэлт, төрөлт, хүчирхийлэл зэрэг “хүүхэд насыг хулгайлагч” найман үзүүлэлтээр жагсаадаг. 2000 оны тайлангаар 970 сая орчим хүүхэд хүүхэд насаа бүрэн дүүрэн эдэлж чадалгүй шаналж байгааг харуулж байв. 

Харин улс төрийн манлайлал, нийгмийн хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн зорилтуудын ачаартайланд оролцсон 176 улсын 173-т нь мэдэгдэхүйц ахиц дэвшилт бий болж, энэ тоо өнөөдөр 690 сая болж буурсан болохыг 2019 оны тайланд онцолжээ.

Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хүүхэд насаа эдлэж чаддаггүй

Гэвч хөгжил дэвшил нь бүх хүүхдэд ашиг тусаа өгч чадахгүй байна. Өнөөдөр манай гарагийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь эрүүл, аюулгүй орчинд суралцах, тоглох, амьдрах эрхээ хязгаарлуулсан хэвээр байна. 2019 оны “Хүүхэд Насны Төгсгөл” тайланд Монгол Улс 176 орноос 76-д жагссан бөгөөд дээрх найман шалгуур үзүүлэлтээр авбал зохих 1,000 онооноос 877-г авчээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай багц хуулиуд гарч, салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжирсны дүнд тав болон түүнээс доош насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн өсөлт хоцролт, бусдын гарт амь насаа алдсан хүүхдийн тоо зэрэг үзүүлэлтүүд өмнөх оноос мэдэгдэхүйц буурч, эерэг үр дүн бий болгов. Гэлээ ч сургуулиас гадуурх хүүхдийн тоо, өсвөр насны охидын дундах төрөлт, ялангуяа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд дорвитой өөрчлөлт гараагүй хэвээр байна. 

Монгол улсад хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу 56,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), уул уурхай, барилгын салбарт ажиллаж байна. Хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуу өрх олон байхын хэрээр хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь элбэг байна.

Улсын хэмжээнд 2017 онд 10,435 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс тухайн жилд хурдан морины уралдааны явцад 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд гэмтэл авсан ба гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан байна.

Хурдан морины өвөл, хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг тогтоосон. Иймд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны  жагсаалт"-ыг шинэчлэн баталснаар 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Гэсэн хэдий ч ХНХЯ-ны сайдын тушаалаар хориглосон хугацааг 2017 онд ‘жил бүрийн өвлийн улиралд’ болгон өөрчилсөн бол 2018 онд тушаалыг дахин шинэчилж, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байна. Энэ асуудлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс хүүхдийг насаар нь ялгаварлаж, 12-оос дээш насны хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж болох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн байдаг.

Иймд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа 18хүртэлх бүх насны хүүхдийн эрхийг баталгаажуулж, тэдний эсэн мэнд амьдрах, өсөж хөгжих, хамгаалагдах эрхийг хүндэтгэхийг бид Монгол Улсын Засгийн газарт уриалж байна.Нэг ч хүүхэд хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хахир хатуу өвөл, хаврын цагт албадан хөдөлмөрийн улмаас амь нас, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт гаргахыг Хүүхдийн Ивээх Сан уриалж байна.

Дэлхийн хөгжил дэвшил 2000 оноос хойш сая, сая хүүхдийг сайн сайхан амьдралд хүргээд байна. Тухайлбал:

  • Нэг жилд эндсэн хүүхдийн тоог 4.4 саяар бууруулсан.
  • Өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн тоо 49 саяар буурсан.
  • Сургууль завсардсан хүүхдийн тоо 115 саяар буурсан.
  • Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 94 саяар буурсан. 
  • Эрт гэрлэлт 11 саяар буурсан. 
  • Өсвөр насны охидын төрөлт 3 саяар буурсан. 
  • Бусдын гарт амь насаа алдсан хүүхдийн тоо 12 мянгаар буурсан.
Хүүхдийг нэн тэргүүнд тавихаа баталгаажуулах гурван чухал зүйл

Улс орнууд ТХЗ-уудад хүрэхийн тулд гаргасан амжилтаа эргэн харж буй энэ үед Хүүхдийг Ивээх Сан бодлого боловсруулагчдыг өөрсдийн тусгай төлөвлөгөөндөө хүүхдийг нэн тэргүүнд тавихаа баталгаажуулах 3 чухал зүйлийг оруулахыг уриалж байна. Үүнд:

  • Хүүхдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх - Бүх хүүхдэд хамгаалал, нийгмийн хамгаалал гэх мэт суурь үйлчилгээг чанартай үзүүлэх, ТХЗ-уудад хүрэхийн тулд засгийн газрууд (хандивлагч улсуудыг оруулаад) шаардлагатай хөрөнгө нөөцийг босгох
  • Бүх хүүхдэд ижил тэгш хандахыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах. Үүнд охидын эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг хаасан, эсвэл жендер, үндэс угсаанаас нь болоод хүүхдэд боловсрол үзүүлэхээс татгалзах гэх мэт ялгаварлан гадуурхсан зан үйл, нийгмийн хэм хэмжээ, бодлогыг халах.
  • Бүх хүүхдээ анхаарч оролцуулах, хэн байх, хаана байгаа, хаанаас гаралтай гэх мэтээс нь үл хамааран бүх хүүхдийг тайланд оруулснаар гарч байгаа ололт дэвшлийг тэгш шударга үнэлж чадна.
Хүүхдийн төлөө дэлхий нийтийн үйл ажиллагааны төлөвлөгөө

ТХЗ-уудад хүрэх үйл ажиллагаанд хүүхдийг нэн тэргүүнд тавихын тулд Хүүхдийг ивээх сан нь улс орнуудын засгийн газар, хандивлагч улсууд, бусад оролцогч талуудыг дэлхий даяар хүүхэд насыг хамгаалах үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна.

Бүх улс орныг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг уриалъя:

  • Хүүхдийн ядуурлыг арилгахын тулд оноосон төсөвтэй, мониторингийн тогтолцоотой, бүх нийтийг хамарсан нийгмийн хамгааллын арга хэмжээг багтаасан Үндэсний хөтөлбөр батлах
  • Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалтай болж 2020 он болох Өсөлтийн төлөө хоол тэжээл дээд хэмжээний чуулга уулзалтад зориулсан төлөвлөгөөндөө хоол тэжээлийг анхаарч, уушгины үрэвслийн улмаас хүүхэд эндэхийг эцэслэснээр нэг ч хүүхдийг 5 насны төрсөн өдрөөсөө өмнө нас барахад хүргэхгүй байхын тулд хөрөнгө нөөцийг нэмэгдүүлэх.
  • Үндэсний хөтөлбөр, хөрөнгө нөөцийн тэгш хуваарилалт, боловсролд хөрөнгө оруулах үндэсний түвшний эрмэлзэл сонирхлыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааны байгууллагуудад оруулах гадны хөрөнгө оруулалтыг өсгөх, хямрал зөрчлийн үе дэх боловсролын хүртээмжийн хийдлийг арилгах зэргээр бүх хүүхдэд чанартай суралцах орчин, сургалтын үр дүн хүртээмжтэй байхад анхаарах
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэн, хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг дэмжих практик үйл ажиллагааг хэрэгжүүлж, олон улсын стандартыг мөрдөн хүүхдэд нөлөөлж буй дайныг зогсоох
  • Засгийн газруудыг охидын эрхийг сайжруулахыг төлөө хариуцлага хүлээдэг болгох, хүүхдийн гэрлэлтийг зогсоох, түүний хор уршгийг арилгахад засгийн газар болон хандивлагчдын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, охидыг өөрчлөлтийг авчрагч болгон чадваржуулах, хүүхдийн гэрлэлтийн талаар иж бүрэн мэдээллийн сантай болох зэрэг үйл ажиллагаануудыг өрнүүлэн охидыг чадваржуулж хүүхдийн гэрлэлтийг зогсоох. 

Тайлангийн дэлгэрэнгүйг англи хэл дээр унших бол энд, Монгол хэл дээр унших бол энд дарна уу.

"Хаана, ямар нөхцөлд аж төрж буйгаас үл хамааран хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай хүүхэд насыг эдлэх эрхтэй"