Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэгш, чанартай боловсролыг хүн бүрт олгох нь ядуурлыг бууруулах гол алхам юм"

ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулав. 

“Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хэсэгт НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх салбарын захирал Мариелза Оливэйра,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар илтгэл тавилаа.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх салбарын захирал Мариелза Оливэйра илтгэлдээ боловсрол бүх хүний амьдралд нөлөөлдөгийг онцлоод ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх гол алхам нь тэгш, чанартай боловсролыг хүн бүрт олгох, насан туршдаа боловсрох боломжийг бий болгох юм хэмээсэн. 

 

Боловсрол эзэмшсэн хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломж нээгдэн, улмаар орлого нь нэмэгдэж, цаашлаад улс орны эдийн засаг өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулдаг болохыг дурдаад дэлхий дээр олон сая хүүхэд сурч боловсрох боломжгүй байгаа энэ үед Монгол Улсын бүх нийтийн боловсролын асуудлаарх тайланд ахиц гарсан, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчин өрхийн аж амьдралд тохирсон боловсролын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Хатагтай Мариелза Оливэйра, цаашид мэргэжлийн боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, боловсролын салбарын төлөвлөлтийн чадавхийг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах талаар анхаарах зүйлс бий хэмээгээд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой арга болохыг онцолсон.

Боловсролд хөрөнгө оруулалт хийн бүх талын ойлголт мэдээллийг өгснөөр байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэж тэрбээр хэлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн талаар хангалттай мэдээлэл, мэдлэг олж авсан хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, тэр хэрээр эрүүл мэндийн салбарын зардал буурах боломжтой, хүчирхийлэлтэй тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг бууруулахад боловсролын үүрэг чухал гээд хүн бүрт чанартай боловсрол олгох нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд төдийгүй ядуурлыг устгах гол арга зам онцолсон.

Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. 

 

Тэрбээр Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын орчин хийгээд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах талаар туршлага, нөхцөл байдлаа танилцуулав.

Илтгэлд дурдсанаар, өнөөдөр манай улсын нийт хүн амын 32.6 хувь буюу 1.0 сая гаруй хүүхэд, залуучууд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үүнээс 24.7 хувь нь цэцэрлэгт, 56.8 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 3.5 хувь нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд, 14.9 хувь нь их, дээд сургуульд тус тус суралцдаг байна.

2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар хамран сургалт сургуулийн өмнөх боловсролд 81.9 хувь, бага боловсролд 96.4 хувь, суурь боловсролд 95.5 хувьд хүрээд байгаа нь дэлхийн төдийгүй бүс нутгийн дунджаас сайн үзүүлэлт боловч тулгамдсан асуудлуудын нэг ажээ. Хичээлийн байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2018 онд нийт 27 цэцэрлэг,  11 сургууль, 7 дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг нэмэгдүүлж байсан бол 2019-2020 онд 174 цэцэрлэг,  138 сургуулийг  барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Тэрбээр, хүн ам өсөж, шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орохын хэрээр бидэнд багшлах боловсон хүчний нэмэлт эрэлт хэрэгцээ үүсч байна. Мэргэжлийн багшийн хангалт 2019 оны байдлаар цэцэрлэгт 92 хувь, ерөнхий боловсролын сургуульд 97.2 хувьтай байна. Багшийн хангалт төв, суурин газруудад шийдвэрлэгдсэн боловч хөдөө орон нутагт дутагдаж байгаа нь  хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшихэд тулгарч байгаа бэрхшээлийн нэг болж байна. Манай улсын цэцэрлэгийн нэг багшид 33 хүүхэд,  бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байхад Ази, Номхон далайн бүсэд цэцэрлэгийн багшид 18, бага ангийн багшид 16, дэлхийн түвшинд цэцэрлэгийн багшид 16, бага ангийн багшид 19 хүүхэд ногдож байна.

Өргөн уудам нутагт цөөн хүн тархан суурьшдаг манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургах нь тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэгт хамран сургах зохицуулалтыг тусгасан гэдгээ парламентчдад илтгэв.

Мөн хуралдаана энэхүү хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн юм. Сайд С.Чинзориг, 2018 онд эдийн засгийн өсөлт 9 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 7.1 хувь болж буурсан ч энэ хангалттай үзүүлэлт биш гэлээ.

Ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь 1990-ээд онд хийсэн өөрчлөн байгуулалт, өмч хувьчлалын алдаатай бодлогоос үүдэлтэйг дурдаад, өдгөө уул уурхайн олборололт ихээр явагдаж байгаа ч боловсруулах салбар хөгжөөгүйтэй холбоотойг онцолсон. Олборлох салбар ажиллах хүчний дөнгөж таван хувийг шингээж байгаа бөгөөд цаашид боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлбэл ажилгүйдлийг бууруулахад нөлөөгөө үзүүлнэ гэлээ.

Түүнчлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг хөгжүүлэх, жижиг, дунд, гарааны бизнесийг дэмжих бодлого баримталж буйг дурдаад өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр олноор бий болгох зэрэг олон зарилтыг тавин ажиллаж буйг дуулгасан юм.