Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын тухай Б.Болорсайханы ярилцлагаас ОНЦЛОХ 16 эшлэл

Ч.Болортуяа
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Өглөөний Хүн” буланд боловсролын тухай тэр дундаа тэгш хүртээмжтэй боловсролын тухай ярилцлага өгсөн Б.Болорсайханы онцлох 16 эшлэлийг хүргэж байна.

БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ...

Нэг.

Боловсролын зорилгыг базаад томьёолбол, нэгдүгээрт тухайн хүний нөөц боломжийг нээх, хоёрдугаарт үнэт зүйлийг нь бий болгох гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, боловсролын зорилго нь тухайн хувь хүн хэн байхаас үл хамаарч нөөц боломжийг нь нээх тухай юм.

Хоёр. 

Олон тодорхойлолт, арга замыг хараад байхаар тэгш байдал гэдэг нь хүн бүрт адилхан хандах тухай ойлголт биш юм. Харин тухайн хүн бүрт гарч буй үр дүн адилхан байх тухай ойлголт гэж би ойлгодог.

Тухайлбал, боловсрол, тэгш байдлыг холбож тайлбарлавал хүн бүрийг адил, тэгш харахаас илүүтэй хүн бүрт боловсролын дээр дурдсан үндсэн зорилго хүрч чадсан уу, үгүй юу гэдгээр хэмжих ёстой.

Гурав.

ЮНЕСКО-гийн 1996 оны тайлангаас боловсролын салбарын бүгд мэдэх дөрвөн тулгуур ойлголт гарч ирсэн байдаг.

Үүнд:

Нэгт, мэдэхийн тулд суралцдаг. Хүн төрөлхтний өнгөрсөн үеэс одоог хүртэл олж авсан уламжилж дамжуулж яваа мэдлэгийн их сангаас мэдэж авах ёстой юм байна.

Хоёрдугаарт, хүн ямар нэгэн байдлаар ур чадвар гэдэг зүйлийг олж авах. Ямар нэг зүйлийг чаддаг байх тухай гэсэн үг. Түүнээс оромддог байх тухай биш. Нэг бол гүехэн мэдлэг дээрээ тулгуурлаад өлбө өлбө гээд ярьдаг байх тухай биш. Чаддаг байх тухай ойлголт. Хийхийн тулд суралцана гэсэн үг.

Гуравдугаарт, хамтдаа амьдрахад суралцана. Хамтын амьдрал гэдэг нь чи дэлхий дээр ганцаараа биш учраас бусадтай яаж эвээ олж, хүч хэрэглэхгүйгээр, үзэн ядахгүйгээр, ялгаварлан гадуурхахгүйгээр хэрхэн амьдрах вэ гэдэг мэдлэг олгохыг хэлнэ.

Дөрөвдүгээрт, оршихын тулд суралцах. Энэ дэлхий дээр байхын тулд чи хэрхэн амьдралаа авч явах ёстой юм, чи дэлхийг сүйтгэхгүйгээр өөрийнхөө хэрэгцээг хангаад хүн шиг амьдрах тухай ойлгуулах явдал.

Байгалийг эрхшээх адын хүсэлгүйгээр хүн гэдэг эрхэм төрлийг олж төрсөн бол хүний эрхэм чанараа хадгалж амьдраач ээ л гэсэн үг. Нэгэнт хүний эрхэм төрлийг олж төрсөн хувь заяаг өөрийн хүслээр дуусгачихдаг, эсвэл нэг л олдсон амьдрал юм чинь дураараа дургина гээд өөрийнхөө амь нас эрүүл мэнд төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг амьдралыг бүү сонгооч ээ гэж тайлбарлаж болно.

Дөрөв.

Хүн амьдралынхаа турш буюу насан туршдаа суралцах нь өөрөө гурван хүрээнээс бүрдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үүнд:

  1. Албан (formal) боловсролын тогтолцоонд суралцах,
  2. Албан бус (non-formal) байдлаар суралцах,
  3. Амьдралаас (informal) суралцах гэж монголоор орчуулсан.

Өөрөөр хэлбэл энэ гурвыг тодорхойлж өгснөөр боловсрол гэдэг нь зөвхөн албан боловсролын тогтолцоогоор илэрдэг зүйл биш юм байна гэдэгт хариулт өгсөн.

Тав.

Хүн эхийн хэвлийд олдсон цагаасаа л орчноосоо мэдээлэл аваад суралцаад эхэлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хийсэн судалгаагаар хүүхдийн амьдралын эхний 1,000 хоног буюу ойролцоогоор гурав хүртэл нас амин чухал гэдгийг онцолсон. Зөвхөн тархины хөгжил төдийгүй шим тэжээлийн дутагдалд орохгүй байх асуудал үүнд яригдана.

Зургаа.

Монгол ядуу улс гэдэгтэй би санал нийлэхгүй. Зүгээр л сэтгэл дутдаг. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа, төсөв хувааж байгаа хүмүүст сэтгэл дутдаг гэж хэлж болно.

Хамгийн наад зах нь одоо ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг бид өнөөдрийг хүртэл халж чадахгүй байсаар байна. 

Анги дүүргэлт 50, 60 хүүхэд, гурван ээлжээр хичээллэх нь боловсролын хүртээмжээс гадна сүрьеэ гэх мэт халдвар өвчин тархах, тухайн сурагчдад эрүүл мэндийн хувьд шууд заналхийлж буй явдал юм.

Долоо.

Өнөөдөр Монголд сурагчид боловсролын нөгөө дөрвөн тулгуур баганыхаа нэг дэх буюу мэдэхийн тулд л суралцдаг гэдгээ л дөнгөн данган хангаж байна.

Найм.

Өнөөдөр боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг зарцуулж байна гэж байгаа. Гэтэл үүнийг яагаад 30 болгож болохгүй вэ? Зоригтой үзээд 40 хувьд хүргэ. Ингэж байж бид улсын, хүний хөгжлийн тухай ярина.

Ес.

Одоогийнхоор бол бид хүн бүрт хэрэгцээтэй байгаа боломжийг өгч чадахгүй байна. Хүнээс боломжийг нь хулгайлаад ирэхээр хүн сонголт хийх чадваргүй болдог. Сонголтгүй сонголт нь ямар үр дагавартай вэ гэхээр хүн өөрийгөө нээх чадваргүй, бусдыг аялдан дагагч, нийгмийн идэвхгүй иргэн болж хувирдаг.

Арав.

НҮБ-ын 2015-2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 17 зорилгыг бодит үйл хэрэг болгоно гэж улс орнууд амлаад тэр дотроо чанартай боловсрол гэдэг зорилтыг дөрөвдүгээрт нь суулгаж хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл чанартай боловсрол гэж юуг хэлж байна вэ гэхээр тэгш хамруулсан, тэгш боломж олгосон, хүн насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх гэсэн ерөнхий амлалт байдаг.

Арваннэг.  

Аль 1966 онд зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хөгжлийг тодорхойлохгүй юм байна гэдгийг хүн төрөлхтөн олж нээчихсэн мөртлөө гайхаж явсаар байгаад 1980-аад оноос хөгжил бол хүн юм байна гэдгийг олж харсан байдаг.

Харин хүний хөгжлийг танихын тулд тухайн улс орноос гурван зүйлийг харъя гэж үзсэн байдаг нь хүнээ төвд нь тавьж чадаж байна уу, хүнээ төвдөө тавиад түүнийг тойрох боломжийг ижил өгч чадаж байгаа юу, боломжуудыг хүн ашиглаад сонголт хийгээд өөрийнхөө амьдралыг ахиж дээшлүүлж чадаж байна уу эсвэл уруудан доройтож байна уу гэдгийг хэмжих тухай яригдсан байдаг.

Арванхоёр.

Хүний хөгжлийн үндэс бол сонголт гэсэн үг.

Сонголтын цаана юу хэлэх вэ гэхээр боломжуудыг бий болгох. Хязгаарлагдмал зүйлийг тулгах биш. Харин хүн өөрийн эрхээр сонгосон боломж бол тухайн хүний хар толгойгоор хариуцах зам байх ба эрх чөлөөний хүнд нь энэ юм. Өөрөөр хэлбэл, сонголтоо хийсэн бол хариуцлагаа өөрөө хүлээх бөгөөд эрх чөлөөний хүнд нь, эмзэг нь энэ.

Арвангурав.

Боловсролын хүртээмж өнөөдөр Монголд барилгын гишгүүр шат шиг зөрүүтэй байгаа юм.

Арвандөрөв.

Орчин үед боловсролыг мэдлэг, ур чадвар, хандлага гэсэн гурван зүйлээр тодорхойлдог хэсэг бий. Энэ үнэн. Гэхдээ үүний цаана суурь асуудал нь юу байна вэ гэхээр боловсрол бол хүний эрхийн тухай юм. Эрхийг эдлүүлэхийн тулд үүрэг хүлээж байгаа этгээд үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх ёстой.

Хоёрдугаарт, боловсрол бол тэгш бус байдлыг арилгах, хүчирхийллийг таслан зогсоох, ялгаварлан гадуурхалтыг таягдан хаях, нэг нэгнээ цаазлан хороох, эрүүдэн шүүж байгаа муу туршлагыг халахад хамгийн суурь арга хэрэгсэл гэж үзэж байна.

Гуравт, энэ бол зарчим юм. Улам олуулаа болж байгаа энэ дэлхий ертөнц дээр улам ихээр багасаж буй нөөцийг ашиглахын тулд энэ гараг дээр яаж нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хүлээцтэйгээр биенээ дэмжиж амьдрах ёстой тухай, юуг урдаа удирдлага болгож чиг баримжаа авч явах ёстой тухай асуудал юм.

Арвантав.

Ядуурал, хөгжлийн бэрхшээл, ялгаварлан гадуурхалт гээд янз бүрийн шалтгааны улмаас хөгжлөөс хоцорсон, боломжгүй үлдсэн хүүхдүүдийн хувьд мэдээлэл, харилцаа холбооны цахим технологи нь тэдний амьдралыг хувирган өөрчлөх, шинэ боломж, бололцоогоор хангах, ур чадварыг хөгжүүлэх арга хэрэгсэл байх боломжтой. Зөв чиглүүлж, тэгш хүртээмжийг бүрдүүлбэл бүр үе дамжсан ядуурлаас гарах, амьдралаа өөрчлөхөд нь ч тустай.

Арванзургаа.

Ардчилал нь өөрөө хэн нэгнийг толгойдоо залах бус, хууль дээдлэх ёстой уялдах бол үүнийг бид боловсролоор л дамжуулж хийх ёстой болж таарч байгаа биз?

...

 



Энэ тухай ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.