Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Программын алдаа гарснаас Нидерланд улс олон зуун гэмт хэрэгтнээ цагдаж чадахгүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улс ихэнх гэмт хэрэгтнүүдээ шоронд хорилгүй, шагайнд нь зүүж, цоожилсон цахилгаан гавны тусламжтай алсаас хянаж цагддаг.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт эдгээр цахим төхөөрөмжүүдэд программын шинэчлэлт хийгдсэний дараа алдаа гарч, гэрийн хорионд байгаа болон батлан даалтаар түр суллагдсан олон зуун гэмт хэрэгтнээ хяналтаас алджээ.

Гэмт хэрэгтнүүдийн зүүсэн төхөөрөмжөөс мэдээлэл ирэхээ больсон тул тэдний байрлалыг мэдэх боломжгүй болсон байна.

Программын алдааг тухайн өдөртөө багтааж засварлажээ. Энэ хооронд Нидерландын цагдаа хэрэгтнүүдийн гэр рүү утсаар залгаж шалгах, зарим эрсдэлтэй этгээдүүдийн байгаа газарт цагдаа илгээж баривчлах зэрэг арга хэмжээ авсан байна.

2018 оны наймдугаар сард Нидерландад үүрэн холбооны сүлжээ тасалдаж, хууль тогтоогчид бүтэн өдөр гэмт хэрэгтнүүдийг хяналтаасаа алдсан юм. Тухайн үед өдөрт 700 орчим этгээдийг зайнаас хянаж байдгаас 450 нь сүлжээ тасарсны улмаас сураггүй болсныг Нидерландын дотоод хэргийн яам мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: ZDNET