Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны эсрэг эдийн засгийн шинэ хоригийг Дональд Трамп зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Персийн булан руу B-52 бөмбөгдөгч онгоцнууд, нисэх онгоц тээвэрлэгч хөлөг илгээснийхээ дараахан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн шинэ хоригийг Ираны эсрэг зарлалаа.

Шинэ хориг нь Иран улсын ган, хөнгөн цагаан, зэс, төмрийн үйлдвэрлэлийг чиглэж байна. Газрын тосны экспорт нь хоригт ороод байгаа Иран одоо эдгээр салбарынхаа орлогоор эдийн засгаа тэтгэж байгаа юм.

Террорист байгууллагуудыг дэмжихээ зогсоож, цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох хүртэл нь дээд зэргийн дарамт шахалтыг Тегераны дэглэмд үзүүлнэ гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

2015 онд Ираны засгийн газартай АНУ, Герман, Британи, Франц, Орос, Хятад, Европын Холбоо гэрээ байгуулж, цөмийн хөтөлбөрийг нь хязгаарласны хариуд хоригоос чөлөөлөхөөр болж байв.

Уг гэрээний хүрээнд Иран улс 10 жилийн хугацаанд уран баяжуулалтаа зогсоох амлалт авсан юм. Гэвч өнөөдрөөс жилийн өмнө Дональд Трампын засаг захиргаа уг гэрээг “маш муу тохиролцоо” гэж нэрлээд гэрээнээс гарах болсноо зарлаж байв.

Тэр үеэс хойш Вашингтоны зүгээс Тегераны эсрэг эдийн засгийн хоригийг дараалан хэрэгжүүлээд байна. Харин гэрээнд оролцогч бусад гүрнүүд тохиролцоог хэвээр үлдээж, Ираны эдийн засгийг дэмжих бодлого баримталж байгаа.

Өчигдөр Ираны засгийн газар 2015 оны гэрээг шинэчлэн байгуулахгүй бол ураны баяжуулалтаа 60 хоногийн дотор цөмийн зэвсэгт ашиглах тувшинд хүртэл нэмэгдүүлнэ гэж сүрдүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press