Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт нүцгэн зургаа бусдад илгээх нь гэмт хэрэгт тооцогддог боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сингапурын парламент Даваа гарагт эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар хэд хэдэн шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгджээ.

Тэдгээрийн дотор онлайн орчинд сэкс материал илгээх хоёр төрлийн гэмт хэрэг багтсан байна.

Нэг хэрэг нь хэн нэгний биеийн нүцгэн хэсгийн гэрэл зургийг бусдад илгээж үзүүлэх (cyber-flashing) бол нөгөө нь бусдыг айлгаж, дарамтлах, өшөө хонзон авахын тулд нүцгэн зургийг нь тараах (revenge porn) үйлдлүүд ажээ.

“Revenge porn” төрлийн гэмт хэрэгт тав хүртэл жил шоронд хорих, мөн торгууль, саваадах шийтгэл нэмж оноохоор болсон байна.

Харин “cyber-flashing” төрлийн гэмт хэрэгт нэг хүртэл жил шоронд хорих, эсвэл мөнгөн торгууль оноохоор болжээ.

Энэ төрлийн хэрэгт зөвхөн бусдын биш, бас өөрийн нүцгэн зургийг бусдад илгээх үйлдэл хамаатай юм. Мөн онлайн сүлжээнээс гадна “Bluetooth” технологи ашиглан гар утаснаас гар утасны хооронд дамжуулах үйлдэл хамаатай.

Хэрвээ зураг хүлээн авагч нь 14 хүртэл насны хүн бол ял шийтгэл нь хүндэрч, хоёр хүртэл жил хоригдохоос гадна саваадуулах юм байна.

Эдгээрээс гадна гэрлэсэн хосуудын хооронд гарсан хүчинг гэмт хэрэгт тооцох, хүүхэд хэлбэртэй сэкс хүүхэлдэйг хориглох, амиа хорлолтыг гэмт хэргээс хасах зэрэг арга хэмжээнүүдийг Сингапурын эрүүгийн хуулинд тусгажээ.

Сингапур улсын 150 жилийн настай эрүүгийн хууль нь Британий колоничлолын үеэс өвлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 2007 онд бүрэн шинэчилж байв.

 

Эх сурвалж: AFP