Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд ханджээ. 

Энэ талаар иргэн Д.Ганхуягаас тодруулахад “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Ингээд зогсохгүй түүний оронд нөхөн сонгууль явуулах гэж байна. Хувь хүнтэй хариуцлага тооцох хэмжээний асуудал гэж харж байтал сүүлдээ маш өндөр төсөвтэй нөхөн сонгууль явуулах хэмжээнд хүрсэн учраас үүнийг эсэргүүцэж ҮХЦ-д хандаж байгаа юм. 

УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулж, өргөдлийг нь өгүүлээд, нөхөн сонгууль явуулдаг байж болохгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүнийг шууд чөлөөлсөн нь буруу. Д.Гантулгын гэм буруутай эсэхийг тогтоосны дараа чөлөөлж, нөхөн сонгууль явуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн учраас цэцэд хандсан” гэв. 

42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой ҮХЦ-д хандсанаар энэ оны зургаадугаар сарын 30-нд товлогдоод буй нөхөн сонгуульд нөлөөлөх эсэхийг ҮХЦ-ээс лавлалаа. Уг асуудлаар ҮХЦ-ээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа учир нөхөн сонгуульд нөлөөлөхгүй ажээ

ҮХЦ-д иргэний гаргасан мэдээллийг цэцийн гишүүн хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийднэ. Маргаан үүссэн тохиолдолд ҮХЦ 30 хоногийн дотор шийдвэр гаргах журамтай байдаг аж. Ингээд УИХ-аар ҮХЦ-ийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцээд хүлээж авахаас татгалзвал ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хэлэлцдэг юм байна.  

 

Зураг
13 | 16 | 17 цаг