Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Отгонбаатар: ТВ5 телевиз “Максима Консалтинг” компаниас гаргадаг судалгаанд хамрагдахгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

“ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанд хамрагдахаас татгалзаж буй талаараа мэдээлэл хийлээ.

“Максима Консалтинг” ХХК нь 2005 онд байгуулагдсан ба олон нийтийн санаа бодлын судалгаа, медиа тандалт, ТВ рейтингийн судалгааны төрлүүдээр дагнан ажилладаг мэргэжлийн судалгааны байгууллага юм. 

 Судалгаанд гэр хорооллын айл өрх хамрагддаггүй зөвхөн орон сууцны айл өрхүүд хамрагддаг
 
Гэрэл зургийг MPA.mn

“ТВ5” телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар “Монгол Улсаа хөгжүүлье уриатай ТВ5 телевиз “Максима Консалтинг” компаниас гаргадаг телевиз үзэлтийн судалгаанд өнөөдрөөс эхлэн хамрагдахгүй гэдгээ тус байгууллага болон судалгааг авч ашигладаг аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор мэдэгдэж байна.

Учир нь тус судалгааг үнэн эсэхэд нь эргэлздэг олон шалтгаан, үндэслэл байна. Мөн бидний санаачилгыг Монголын телевизүүдийн холбоо, МСНЭ дэмжиж байгаагаа илэрхийлж, удахгүй мэдэгдэл гаргана гэдгээ хэлсэн.

Татгалзаж буй шалтгааныг тодруулбал, “Максима Консалтинг” компанийн судалгаа нь телевиз үзэгчдийн нэгдсэн судалгаа гэдэг мөртлөө Улаанбаатар хотын үзэгчдээс 100 айл өрхийг хамруулдаг. Гэтэл Монгол Улсын хүн ам, Улаанбаатар хотын хүн амтай харьцуулахад хамрагдаж буй хүний тоо нь бага юм. Дээрээс нь  тус судалгаанд гэр хорооллын айл өрх хамрагддаггүй зөвхөн орон сууцны айл өрхүүд хамрагддаг. 100 айл өрхийг хуваахад нэг дүүргээс 11 айл өрх оролцож байгаа юм. Дээрээс нь насны ангиллаар нь авч үзэхэд яавч бодитой судалгаа гарахгүй гэж бид үзэж байна.

Манай телевизийн хувьд үйл ажиллагаагаа явуулаад 16 жил болж байна. Өнгөрсөн 2018 онд гэхэд манай телевиз дангаараа “Пёнчан 2018” өвлийн олимпыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлсэн.

Тэр үеийн судалгаанаас харахад дэлхий нийтээрээ тэр олимпыг сонирхож байхад Монгол Улс спорт сонирхдоггүй гэж хэлэхээр судалгаа гарсан байсан. Ер нь хэд хэдэн байгууллагууд тус компанитай зөрчилтэй асуудлууд байгаа юм билээ. "HD Монгол" телевиз хүртэл “Максима Консалтинг”-тай шүүхдэхээр болсон гэдгээ хэлж байсан” гэв.

Үнэн эсэх нь батлагддаггүй судалгаанд хамрагдахгүй
 
Гэрэл зургийг MPA.mn

 “ТВ5” телевизийн улс төр мэдээллийн албаны дарга А.Болдсайхан “100 айлаас судалгаа авч телевиз үзэгчдийн нэгдсэн тайлан нэртэйгээр гаргаж байна. Олон улсын  судалгаа хэрхэн хийгддэг байдлаас харвал судлагдаж буй байгууллагуудад төр, телевизийн удирдлагууд, зар сурталчилгаа өгдөг аж ахуйн нэгжүүд нь хамтарч хяналт тавьдаг. Дээрээс нь дотоод болон гадаад аудитын шалгалт хийгдэж байж судалгааг үнэн гэж санал нэгдэн баталдаг юм билээ.

Гэтэл “Максима Консалтинг” нь үнэн эсэхэд нь хяналт тавьсан байдал нь тодорхойгүй байдаг. Үнэн эсэх нь батлагддаггүй судалгаанд хамрагдахгүй " гэдгээ хэллээ.