Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Эрдэнэбаяр: 8.6 сая ам.долларын барьцаанд Д.Сүхбаатарын талбайг тавьсан байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Д.Сүхбаатарын талбайн гуравны нэгийг хувь хүний нэр дээр шилжүүлж, банканд барьцаанд тавьсан асуудлаар "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Гаднынхан ирэхэд хүндэтгэл үзүүлдэг улс орны бахархалт газар болсон талбайг ингэж хэн нэгэн хүний нэр дээр шилжүүлэн банканд барьцаанд тавьж болохгүй.

Өөрөөр хэлбэл, Д.Сүхбаатарын талбайн 50 хувийг Ю БИ КОНСТРАКШН ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2006 оны тавдугаар сарын нэгний өдрийн 215 захирамжийн дагуу Д.Эрдэнэбилэгийн мэдэлд хууль бусаар шилжүүлсэн байна. Үүгээр зогсохгүй Улаанбаатар хотын банканд гурван удаа барьцаанд тавьжээ.

Тодруулбал,

  • 2017.06.09-ний өдөр 500,000,000 төгрөг
  • 2017.06.13-ны өдөр 4,000,000 ам.доллар
  • 2018.06.27-ны өдөр 4,450,000 ам.доллар буюу нийт 8.6 сая ам.долларын барьцаанд Д.Сүхбаатарын талбайг тавьсан байна.

Энэ авсан мөнгөөрөө тохижилт гэхээр зүйл хийгээгүй. Ингэж 20-30 жилийн хугацаатайгаар хувь хүний мэдэлд шилжүүлээд банк барьцаанд авчихсан тул хэрвээ мөнгөө эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд банк  барьцаанд  авч үлдэнэ. Монгол Улсын эрх ашгаас давчихсан хувийн эрх ашгийг зогсоох цаг болсон юм биш үү. Арай дэндэж байна. Төрийн гурван өндөрлөг хүртэл энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй.  

Тиймд Д.Сүхбаатарын талбайн газрын гэрчилгээг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банкны барьцаанд тавьсан буруутай этгээдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг  Хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна. Шаардлагын хүрээнд 72 цагийн дотор гэрээг хүчингүй болгох ёстой" гэв.

Эдгээр баримт материалуудыг өчигдөр өглөө манай гэрийн үүдэнд тавьчихсан байсан

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнд уг баримт, гэрээ нь хэрхэн ирсэн талаар тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Зүгээр байсан газрыг гэрээ хийж хувь хүнд шилжүүлсэн тэр хүнтэй нь л хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр ард түмний бахархал болсон хамтдаа цуглан дуу хоолойгоо хүргэдэг талбайг зараад, нэг хүнд өгч болдог юм уу. Миний бодлоор талбайгаас нэг сөөм ч газрыг ч гэсэн хэнд ч байхгүй гэдгийг хэлмээр байна. Эдгээр баримт материалуудыг өчигдөр өглөө манай гэрийн үүдэнд тавьчихсан байсан. Тэгэхээр бидэнд баримт нь байгаа хэн нэгнийг гүжирдээгүй” гэв. 

Тэд шаардлагаа Нийслэлийн хотын Захирагчийн ажлын албаны холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө.