Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Тусгай зөвшөөрөлтэй компаниар амины орон сууцаа бариулбал зээлийн барьцаа болж чадахуйц хөрөнгөтэй болно”

Барилга.мн
2019 оны 4 сарын 18
Барилга.МН
 

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг өнгөрсөн онд шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү журмаар орчин үеийн инженерийн байгууламж бүхий эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, төвлөрсөн эсвэл бие даасан шийдэлтэй хувийн сууц барьсан иргэн найман хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Иймээс амины орон сууцны хороолол бий болгох энэхүү төсөлд иргэд хэрхэн хамрагдах, хэзээнээс зээл олгож эхлэх тухай Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын  мэргэжилтэн Э.Батболдтой ярилцлаа. 

- Ипотекийн 8 хувийн зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ. Яамнаас олгож  байгаа гэх боловч зарим арилжааны банк “Манайд мэдээлэл ирээгүй тул хэзээ олгох нь тодорхойгүй” гэсэн хариулт өгөх юм. Үүнд хариулт өгнө үү?

- Зээлийн журмыг өнгөрсөн онд шинэчилсэн бөгөөд 2019 оны нэгдүгээр сард банкуудад тараасан. Одоогоор олгогдох асуудал яригдаж байна. Монголбанк өнгөрсөн нэг болон хоёр дугаар сард өөрийнхөө эх үүсвэрээс 19.7 тэрбум төгрөгийг 337 иргэнд олгосон байгаа. Харин гурав дугаар сарын мэдээлэл бидэнд хараахан ирээгүй байна.

Улсын төсвөөс олгох зээлийн эх үүсвэрийг хуваарийн дагуу Монголбанк руу улиралд нэг удаа улсын төсвийн мөнгийг шилжүүлэх ёстой байдаг. Иймээс энэ сардаа багтааж энэ асуудлыг шийдвэрлэнэ. Бид эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудтай уулзалт хийж, Засгийн газраас 115 тэрбум төгрөгийг олгох учраас тэр хэмжээнй эх үүсвэрийг банкиуд өөрсдөө эхний ээлжинд гаргах талаар ярилцсан. Энэхүү саналыг банкууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хувь болон цаашид үнэт цаасжуулах гэх мэт нарийвчлан яригдах асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Иргэд ипотекийн зээлийг зогссон гэж яриад байгаа. Угтаа бол зээлийн асуудлууд шийдэгдэж байгаа.

Өнгөрсөн 2013-2016 онуудад жилдээ 10,000 иргэнд ипотекийн зээл олгож байсан боловч манай улс Олон улсын валютын санд хамрагдсантай холбоотойгоор зээлийн эх үүсвэрийн хэмжээг бууруулсанаар жилд 5,000 иргэнд зээл олгож, хоёр дахин бууруулсан. Өөрөөр хэлбэл хоёр хүний нэгнийх нь зээл шийдэгдээд, нөгөөх нь дараагийн ээлжинд орох болж байна. Иймээс банк дээр хүлээлт үүсээд байгаа тул өмнө нь бүртгүүлсэн иргэдийнхээ асуудлыг шийдсэний дараа шинээр бүртгүүлэх иргэдийн хүсэлтийг хүлээн авах маягаар банкууд ажиллаж байна. Тиймээс одоо бүртгүүлэхээр очиж байгаа иргэдийн хүсэлтийг түр хугацаанд авахгүй байгаа юм. Гэхдээ энэ сараас эхлээд асуудал шийдэгдэх боломж үүснэ гэж хүлээж байна. 

- Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг мэдээлэл хангах зорилгоор цахим мэдээллийн санг бүрдүүлж, нийтэд мэдээлнэ гэж байсан. Энэ ажил ямар явцтай байна вэ? 

- Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд цахим мэдээллийн санг бүрдүүлээд ашиглалтад оруулсан. Oronsuuts.mcud.gov.mn гэсэн хаягаар ороод барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, өргөх байгууламж түүний эд ангийг үйлдвэрлэх угсрах, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.

Харин нэг болон хэд хэдэн айл амьдрах зориулалттай амины орон сууцны нэг маягийн зураг төсөл бүхий мэдээллийн цомгийг хараахан гаргаагүй байна. Энэ зургийн цомгийг гаргаснаар иргэд банкны барьцаа болж чадахуйц үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой юм. Тиймээс ямар амины орон сууц барьвал зээлийн шаардлага хангах вэ гэдгийг харуулсан эхний ээлжийн загвар зураг төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гаргаж байна.

Бид байгаль орчинд ээлтэй, ногоон байгууламжинд илүү чиглэсэн зураг төслийг гаргах болно. Цаашлаад зөвхөн жишээ зураг төслөөр хязгаарлагдахгүй иргэддээ байшингаа хэрхэн барих заавар, зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажиллах болно.

 

Зураг төслийн альбом гарах хугацаа гэрээ ёсоор өнгөрсөн нэгдүгээр сард бэлэн болох байсан ч бага зэрэг хоцорч байна. Учир нь, бид энэхүү төслөө олон улсад танилцуулаад хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхийг зорьж байгаа бөгөөд үүнийхээ хэмжээгээр амины орон сууцанд олгогдох зээлийн хүртээмж нэмэгдэх юм. Тиймээс суурийг нь сайн тавиад цаашдаа энэхүү төсөл амжилттай явагдана гэж төлөвлөж байна. Иймд иргэд цахим мэдээллийн сан руу ороод хүссэн мэдээллээ авч, ялангуяа барилгын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцан өөрийн орон сууцаа ямар компаниар бариулах вэ гэдгийг эхний ээлжинд шийдэх боломжтой. Жишээлбэл, зураг төслөө ямар компаниар гаргуулах уу, барилга угсралтаа аль байгууллагаар хийлгэх үү гэдгээ иргэд өөрсдөө сонгох эрхтэй юм. 

-Эдгээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагуудаар заавал бариулах уу,  иргэд өөрсдөө амины орон сууцаа барих боломжтой юу?

- Ер нь банкнаас тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаар бариулж байж үл хөдлөх хөрөнгийн барьцааны шаардлага хангаж байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, иргэд өөрсдөө аж ахуйн аргаар тоосго, шавар ашиглан амины орон сууцаа барьдаг. Гэвч түүнийгээ зээлийн барьцаанд тавихад шаардлага хангахгүй байхаас гадна ямар хийцээр хийсэн, хэн барьсан, хэрхэн баригдсан гээд олон зүйл тодорхойгүй байдаг учраас асуудал гарахад тухайн иргэнд хариуцлага тооцогдох болдог.

Жишээлбэл, иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавиад 10 жилийн хугацаатай зээл авлаа гэж бодоход 4-5 жилийн дараа тухайн байшин нь нурах, эвдрэх гэх мэт асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс илүү найдвартай, эргээд хариуцлага нэхэх эзэнтэй байлгахын тулд мэргэжлийн инженер, тусгай зөвшөөрөлтэй компаниудаар байшингаа бариулахыг зөвлөж байгаа юм. Арилжааны банкиуд ч мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй компаниар бариулсан амины орон сууцыг барьцаанд авах хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлсэн. 

- Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хамтарсан гурвалсан гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ ямар зорилго, ач холбогдолтой вэ? 

- Гэрээний ач холбогдол санхүүжилтээ банкуудад хэрхэн тарааж, олгох вэ гэдэгт оршиж байгаа юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийнхээ дагуу Монголбанкинд эх үүсвэрийг шилжүүлээд цаашаа арилжааны банкуудад хуваарилалт хийдэг. Бидний зүгээс тавьж байгаа гол шалгуур нь 30-аас доошгүй хувийг хөдөө орон нутагт олгох юм. Энэ нь нэгдүгээрт, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах, хоёрдугаарт, орон нутагт иргэд орон сууцанд орох боломжийг нэмэгдүүлэх  юм.

Мөн арилжааны банкууд өөрсдийнхөө санхүүжилттэй барилгын төслийг биш, иргэний өөрийнх нь сонгосон орон сууцанд зээл олгох байдлаар энэхүү гэрээг байгуулсан. Монголбанк эх үүсвэрээ ямар банкинд, хэрхэн хуваарилахыг шийддэг. Өөрөөр хэлбэл, тус банкны тавьсан шалгуурыг хангасан банкуудад санхүүжилт орох болно. Монголбанкнаас бүх банкаар дамжуулуулах боломжийг гаргахаар ажиллаж байгаа.

- Шинэчлэгдсэн журамд аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон хороолол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцаа барьсан байх ёстой гэж заасан. Бусад газарт үл хөдлөх хөрөнгөө барьсан иргэд зээлд хамрагдах боломжгүй гэсэн үг үү? 

- Амины орон сууцыг хаа хамаагүй бариулахгүй байх бодлоготой ажиллаж байна. Иргэн бүрт газар өмчлүүлснээр гэр хорооллын тэлэлт бий болох, эргээд төрөөс гэр хорооллыг бууруулах чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байна. Дээрээс нь иргэн ерөнхий төлөвлөгөөгүй газар 15 жилийн хугацаатай зээл авлаа гэж бодъё. Энэ хугацаанд газар нь дахин төлөвлөлтөнд орчихвол байшингаа нураах хэрэгтэй болно.

Гэтэл иргэн зээлээ төлж дуусаагүй байвал хүндхэн асуудал үүсэх болно шүү дээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн хот, орон нутгийнхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заагдсан газар үл хөдлөх хөрөнгөө барих хэрэгтэй. Энэ газарт амины орон сууцны хороолол бий болгоно гэдгийг зураг төсөл дээр ч тодорхой заасан байгаа. Тиймээс зуслангийн бүст ч юм уу алслагдсан, утаа харьцангуй бага газруудад зээл олгохгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бүх газар нээлттэй болчихвол утаа бууруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого алдагдахаас гадна амины орон сууцны зээл хяналтгүй болох эрсдэлтэй юм. 

- Мөн инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байх шаардлага тавьж байгаа. Инженерийн дэд бүтэц гэж яг юуг хэлээд байна вэ. Үүнийг хэрхэн хийх талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу? 

- Инженерийн дэд бүтэц гэдэг бол тухайн амины орон сууц өөрийн гэсэн халаалтын системтэй, цэвэр, бохирын асуудлаа бүрэн шийдэхийг хэлж байгаа юм. Төвлөрсөн шугам сүлжээнд ойр амьдарч байгаа өрхүүд шугам сүлжээндээ холбогдон халаалтаа шийдэх боломжтой. Харин ингэж холбогдох боломжгүй айл өрх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй байх хэрэгтэй. Тухайн хот, орон нутгийнхаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн газар тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны хороолол болж хөгжихөөр газар мөн үү, биш үү гэдгийг тодорхойлох бичиг авах хэрэгтэй. Хэрвээ мөн гэж тодорхойлсон бичигтэй бол банкин дээр очоод зээлээ шийдүүлэх материалд хавсаргаж өгөх хэрэгтэй.

Харин инженерийн дэд бүтцээ ямар зохион байгуулалтай хийх вэ гэдгээ иргэд өөрсдөө шийдэх бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны сайт /https://mcud.gov.mn// дээр энэ талаарх буюу жишиг зургийн мэдээлэл удахгүй тавигдах болно. 

- Улаанбаатар хот болон орон нутагт ямар, ямар газруудад амины орон сууцны хороолол бий болох вэ? 

- -Нийслэлд Долоон буудал, Баянхошуу гэх мэт утааны голомт болсон газруудыг амины орон сууцны хороолол болгохоор ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан. Харин хөдөө, орон нутгийн хувьд харьяа аймгийнхаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тодорхой мэдээлэл авах хэрэгтэй. 

- Иргэд халаалтаа хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Заавал цахилгаанаар халаах ёстой юу. Эсвэл газ байж болох уу? 

- Инженерийн шугам сүлжээний маш сайн, олон төрлийн дэвшилтэт технологиуд нэвтэрсэн. Иймээс заавал цахилгаан эсвэл газаар халаадаг айлд олгоно гэсэн заалт байхгүй. Иргэд өөрсдөө сайн судлах хэрэгтэй. Ашиглалтын зардал хэд гарах уу, инженерийн шугам сүлжээний тоног төхөөрөмж худалдаж авбал ямар ашигтай зэргийг сайн судлаад сонголтоо хийх хэрэгтэй.

Тухайлбал, нарны зай хураагуурын халаалтын системийг сонголоо гэхэд анхны эх үүсвэр буюу тоног төхөөрөмжийн төлбөр өндөр гарна. Батерей болон панелийг нь худалдан авахад харьцангуй үнэтэй байдаг ч  урт хугацаанд хэрэглэх айлд бол хэмнэлттэй. Яагаад гэвэл нарны энергиэр халж байгаа учраас халаалт, цахилгаан гэх мэт хэрэглээний төлбөр гарахгүй.

Харин цахилгаан бойлуур, газын халаалт тавибал эх үүсвэр нь хямдхан байж болох боловч дараа нь хэрэглээний зардал өндөр гардаг. Тиймээс иргэд өндөр үнээр нарны халаалт авах уу, хямд үнээр халаалт тавиулаад сар бүр цахилгааны төлбөрөө төлөх үү гэдэг нь өөрсдийн шийдэх асуудал юм.

-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц гэхээр ямар байх. Иргэд энэ талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

- Эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь тухайн орон сууц дулаан алдагдалт багатай, нэг айлд хуваарилагдсан цахилгааныг хэмнэсэн, бүх гэрэлтүүлэг нь сүүлийн үеийн лед технологиор хийгдсэн, борооны усыг ахуйн хэрэглээндээ ашиглах боломжтой гэх мэт байх юм. Мөн байшингийнхаа цонх, ханыг сайтар дулаалах шаардлагатайгаас гадна агааржуулалтын системийг нарийн, зөв гаргасан байх ёстой. Хэрвээ олон улсаас эрчим хүчний хэмнэлттэй гэсэн сертификат авчихвал иргэд хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой.

- Амины орон сууц барьж байгаа болохыг эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан байх гэж заасан. Энэ талаар тодруулж өгнө үү? 

- Тухайн орон нутгийнхаа Газрын харилцаа болон барилга хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн ийм газарт ийм зураг төсөлтэй амины орон сууц барьж байгаа гэдгийг баталсан тодорхойлолт, бичиг авахыг хэлж байгаа юм.

Мөн үл хөдлөх хөрөнгөө бариулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагынхаа барилгын ажил ийм шатанд явагдаж байна гэдэг гэрээ, барилгын явцын зурагтай нь хамт баталгаажуулсан байхад банкнаас зээлийн баталгаа болох боломж бүрдэнэ. Гэхдээ энэ бол тухайн арилжааны банкны шийдвэрлэх асуудал гэдгийг иргэд хамгийн гол нь анхаарах хэрэгтэй. 

- Арилжааны банкинд олгосон зээлийн эх үүсвэрийн зарим хэсгийг холбогдох хууль, журмын дагуу ипотекийн зээлээр баталгаажсан бондоор эргүүлэн төлүүлж болно гэж байсан. Энэ талаар тайлбарлаж өгнө үү? 

- Монголбанкнаас зээлийг нэг жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр гаргадаг бөгөөд энэхүү зээл нь эргээд арилжааны банкин дээр 20-30 жилийн хугацаатай урт хугацааны зээл болон очдог. Тиймээс үүнийг маш богино хугацаанд төлүүлэх нэг арга бол санхүүгийн 2 дахь зах зээлийн механизм болох үнэт цаасжуулах үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд гаргасан зээлүүдийг арилжааны банкнаас багцалж аваад үнэт цаас болгож, үнэт цаасаараа буцаагаад Засгийн газарт төлбөрийг төлж, тус үнэт цаасыг Засгийн газар боломжтой бол  дахин зах зээлд гаргаад хөрөнгө босгох эх үүсвэрийг бий болгох арга зам юм.

Одоогийн байдлаар энэ механизм Монголд хэрэгжүүлэхэд бага зэрэг бэрхшээлтэй. Учир нь, манай эдийн засаг, инфляцийн түвшин өндөр байгаа тул ингэж шийдэхэд бага зэрэг хүндрэлтэй. Гэхдээ энэ бол хамгийн боломжтой, шалгарсан арга учраас цаашдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

 

Эх сурвалж: Барилга.мн

Зураг