Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газрын “болдоггүй” сайд огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 олимпийн наадмын зохион байгуулалтыг хариуцсан Японы засгийн газрын сайд Ёшитака Сакурада өчигдөр албан тушаалаасаа огцрох өргөдөл өгчээ.

Тэрээр нэгэн хандивын арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ 2011 оны байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгоход хөрөнгө мөнгө зарцуулснаас тус бүсээс сонгогдсон намынхаа улс төрчийг дэмжих нь илүү чухал гэсэн агуулгатай үг хэлсэн байна.

Сакурадагийн хэлсэн мэдрэмжгүй үг сайдын суудлаасаа огцрохоос өөр аргагүй байдалд хүргэжээ.

Тэр урьд өмнө нь хэд хэдэн удаа бодлогогүй үгнээсээ болж шүүмжлүүлж байсан ч ерөнхий сайд Шинзо Абэ хамгаалсаар ирсэн юм. Тухайлбал тэр хоёрдугаар сард Японы усанд сэлэлтийн залуу одыг өвчин туссанд бухимдаж байгаагаа илэрхийлсэн нь олон хүмүүсийн дургүйг хүргэж байв. Токио 2020 наадмын гол найдваруудын нэг болж байсан Рикако Ике цус багадах өвчтэй болсон нь оношлогдож, спортоос хэсэг хугацаанд холдохоор болсон юм.

Сакурада Японы багийн медаль зүүх нэг боломж үгүй болж байгаад бухимдаж байгаагаа тухайн үед илэрхийлсэн нь маргаан дэгдээж байв.

Улсынхаа кибер аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцдаг Сакурада сайд компьютер огт хэрэглэж үзээгүйгээ ярьсан нь өнгөрсөн онд Японд төдийгүй дэлхий дахинд дуулиан тарьсан юм. Тэр бас хоёрдугаар сард парламентын чуулганд гурван минут хоцорч ирснийхээ төлөө уучлал гуйж байв. Тухайн үед сөрөг хүчнийхэн парламентын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаагүйд нь бухимдаж, төсвийн хэлэлцүүлгийг таван цаг саатуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

2016 онд тэр бас дайны үеэр Японы армид сэкс боол болон ашиглагдаж байсан эмэгтэйчүүдийг “мэргэжлийн биеэ үнэлэгчид байсан” гэж хэлээд буруудаж байв.

Сакурадагийн өргөдлийг хүлээж авсан Шинзо Абэ түүний хэлсэн үгний төлөө уучлал гуйснаас гадна сайдын албан тушаалд томилох шийдвэр гаргаж байсандаа олон нийтээс уучлал гуйжээ.

“Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдийн талаар түүний хэлсэн үгний төлөө би гүнээ харамсаж, уучлал гуйж байна” гэж ерөнхий сайд Абэ мэдэгдсэн байна.

Сакурадаг өнгөрсөн оны аравдугаар сард танхим дотроо халаа сэлгээ хийхдээ Шинзо Абэ сайдын албан тушаалд томилж байжээ. 

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
13 | 16 | 16 цаг