Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Ганцхан "Тод Каннам" биш дөрвөн эмнэлгийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлсэн"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Тод Каннам” хэмээх эмнэлэгт өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тэгвэл “Тод Каннам” эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

Ямар үндэслэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх санал нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод Каннам” эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүн амь насаа алдсантай холбоотойгоор гаргаагүй. Бид энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр НМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арьс, гоо заслын чиглэлийн 57 эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн юм.

Ингэхдээ зөрчилтэй байсан зарим эмнэлэгт торгох шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Мөн шалгалтын явцад тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заагдсан нутаг дэвсгэр, хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй  “ЭБУ Алунгуа”, “Закира”, “Тод Каннам” эмнэлэг болон ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангаагүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж буй “Акне-Офф” гэх арьс гоо заслын дөрвөн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн юм. Ганцхан “Тод Каннам” эмнэлэг дээр биш” хэмээн хэллээ.