Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл: Ярилцах тусам илүү их ойлголцдог

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрөлхтөний хамгийн том ялгарал бол харилцаа. Тэр дундаа ярилцах нь харилцааны хамгийн гол зэмсэг юм. Бид сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцах, хоорондоо харилцахын ач холбогдлын талаар яриа өрнүүллээ. Бидний ярилцлагыг Юнителийн илүү яриа, илүү хэмнэлтийг санал болгодог Smart Talk https://www.unitel.mn/unitel/promotion/360 үйлчилгээ танд хүргэж байна.

- Сайн байна уу. Сүүлийн үед харилцааны дутмагшил гэх нэр томъёо ихээр ажиглагдах болсон. Ярилцах хэрэгцээ хүнд хэр чухал байдаг вэ?

- Сайн байна уу. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцах хэрэгцээ хүнд төрсөн цагаас эхэлж үүсдэг. Өлгийтэй нялх хүүхэдтэй ч аав, ээж нь өдөр бүр ярилцдаг байх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн нэг алдаа бол хүүхэдтэйгээ ярилцах биш тэдэнд зөвхөн захиас хэлж байдаг. Түүнийгээ ярилцаж байна гэж эндүүрдэг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд өөрсдийнхөө хэлэх зүйлийг л хэлээд эргээд хүүхдээ сонсдоггүй байна. Харилцаа гэдэг бол нэг нь илгээгч нөгөөх нь хүлээн авагч байхыг хэлдэггүй. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд ээрэх, оройтож хэлд орох, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд эрс ихэссэн. Энэ бол хүүхэд харилцааны дутмагшилд орсоны шинж юм. 

- Утсаар ярих, чат бичих зэрэг нь харилцаанд хэр чухал үүрэгтэй вэ? 

- Маш чухал. Бид гэр бүлийнхэнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ хоногийн 24 цаг хамт байж чадахгүй шүү дээ. Тиймээс тусдаа байх үедээ утсаар ярьж байнгын харилцаатай байх нь чухал юм. Нэг талаасаа анхаарал халамж тавих, нөгөө талаас хүүхдүүдээ чөлөөт цагаараа хэнтэй байгаа, юу хийж байгааг мэдэх зэрэг ач холбогдолтой.

- Ярилцахгүй байхын хор уршиг юу вэ? 

- Энд нэг гэр бүлийн жишээг хэлмээр байна. Эхнэр нь ажил хийж амжиргаагаа залгуулдаг. Нөхөр нь хүүхдүүдээ харж, сургуульд нь зөөж, ар гэрийн асуудлаа зохицуулдаг нэг гэр бүл байгаа юм. Хоорондоо төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй. Ярилцдаггүй учраас ойлголцдоггүй. Асуудал нь улам даамжираад сэтгэлзүйчид хандсан. Нөхөр эхнэрийгээ өөртөө сэтгэл дундуур байдаг гэсэн ойлголттой. Түүндээ бухимдаж байнгын стресстэй явдаг байсан байгаа  юм. Гэтэл энэ тухайгаа эхнэртээ нэг ч удаа хэлж байгаагүй, ярилцаагүй. Дэмий л бухимддаг. Эхнэр нь энэ байдлаас нь болоод бас стрессдэж хэрүүл маргаан байнга гардаг болсон байна.

Гэтэл сэтгэлзүйчид хандаад хоорондоо ярилцсан чинь эхнэр нөхөр хоёр хоёулаа бие биенийхээ хийж байгаа ажлыг үнэлж хүндэлдэг, харин тэрийгээ өөрт нь ярьж хэлээгүй учраас л үл ойлголцол үүсдэг болохыг мэдсэн. 

Ер нь ямар ч гэр бүл бие биетэйгээ ярилцах цаг гаргадаг байх хэрэгтэйг энэ гэр бүлийн амьдралаас харж болохоор байна. 

- Яаж ярилцвал илүү үр дүнтэй вэ?  

- Бидний өдөр тутмын амьдралд ярилцах цаг зав зөндөө гардаг ч хүмүүс тэрийгээ төдийлөн анзаарахгүй байх тохиолдол гардаг. Машиндаа түгжрээд явж байхдаа утсаа үзэх  эсвэл хөгжим сонсож явахаас хоорондоо ярилцаад байдаггүй. Ер нь л ярилцах цагийг үргэлж гаргах хэрэгтэйг ойлгох нь хамгийн чухал. Хоолоо идэхдээ хүртэл зурагтныхаа өмнө биш, гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад идэхэд ярилцах боломж гарч байдаг. 
Ярилцаагүйгээс болж харилцааны дутмагшил үүсдэг гэж түрүүн ярьсан. Тэгвэл харилцааны дутмагшилтай болох нь ямар сөрөг үр дагавартай вэ? 
Харилцааны дутмагшил буюу харилцааны өлсгөлөн үүссэнээр хамгийн түрүүнд тусдаг эмгэг бол сэтгэл гутрал юм.

Сэтгэл гутрал нь эмийн болон сэтгэл заслаар эмчлэгддэг нэг төрлийн өвчин шүү дээ. Сэтгэл гутралын хамгийн эхний шинж бол бүх зүйлээс сөрөг талыг нь түрүүлж хардаг, хүмүүстэй харьцмааргүй санагдаж, өөрөө хүмүүстэй харилцахгүй байгаа хэрнээ хүмүүс намайг ойлгохгүй сонсохгүй байна гэж боддог байна. Сэтгэл гутралд өртөхгүйн тулд ойр дотныхонтойгоо ярилцаж, сэтгэл дотроо тээж яваа зовлонгоо нимгэлэх хэрэгтэй. Ярилцана гэдэг нь өөрөө сэтгэл заслын эм шүү дээ. 

- Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар сэтгэл зүйчид хандаж байна вэ? 

- Сэтгэлзүйчид хандаж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь гэр бүлийн ямар нэгэн асуудлаас болж ханддаг. Эхнэр нөхөртэйгөө таарамж муу, хосуудын харилцаанд асуудал гарсан, өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байгаа гэх мэтчилэн гэр бүлийн харилцаанд асуудал үүссэн хүмүүс ихэвчлэн ханддаг. Сүүлийн үед ганц бие, өрх толгойлсон ээжүүдийн тоо ихэссэн. Үүнтэй холбоотой гэр бүлийн харилцааны асуудлаар их хандах болсон. Цөөн тохиолдолд ажлын стресс болон бусад асуудлаас болж зөвлөгөө авахаар холбогддог доо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.