Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Korean Air” компанийн гүйцэтгэх захирлыг ТУЗ-ийн гишүүний суудлаас нь огцрууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том авиа компани болох “Korean Air”-ийн ерөнхийлөгч Чо Ян Хог өнөөдөр болсон жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүний албан тушаалаас нь огцрууллаа.

Нийт хувьцаа эзэмшигчдийн 64.1 хувь нь түүнийг дахин томилохыг дэмжсэн санал өгсөн ч дотоод дүрмийн дагуу гуравны хоёроос дээш санал авах шаардлагыг хангаагүй байна.

Эсрэгээрээ хувь эзэмшигчдийн 35.9 хувь нь Чо Ян Хог ТУЗ-ийн захирлын суудалд дахин томилохыг эсэргүүцжээ.

1999 оноос хойш “Korean Air” компанийг тасралтгүй удирдаж байгаа Чо хэрвээ дэмжигдсэн бол дахин гурван жил ТУЗ-д захирлаар ажиллах байсан юм.

Одоо 70 настай Чо Ян Хо компанийн ТУЗ-ийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд харин ерөнхийлөгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн хаших гэнэ.

Өөрөөр хэлбэл том хэмжээний шийдвэр гаргахад оролцох боломжгүй болж, зөвхөн гүйцэтгэх удирдлагын үүрэгтэй үлдэж байна.

Чо Ян Хогийн эрх мэдлийг хасахад “Korean Air”-ийн хоёр дахь том хувь эзэмшигч болох Өмнөд Солонгосын Үндэсний Тэтгэврийн Сан гол үүрэгтэй оролцжээ.

Хөрөнгийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт ордог тус сан нь 644 их наядын ($576 тэрбум) хөрөнгийг удирддаг юм.

Тэтгэвэрийн сан өмнө нь “байгууллагын үнэт зүйлийг гутааж, хувь эзэмшигчдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн” шалтгаанаар Чо Ян Хогийн эсрэг санал өгөх гэж байгаагаа мэдэгдэж байв.

Сүүлийн жилүүдэд Чо Ян Хогийн татвараас зайлсхийсэн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг хэргүүд илэрснээс гадна эхнэр, охидынх нь ёс суртахууны асуудлууд яригдах болсон нь “Korean Air”-ийн нэр хүндийг ихээр унагасан юм.

 

Эх сурвалж: Yonhap News