Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын засгийн газрын сурталчилгаа хүмүүст эсрэг утгаар ойлгогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Унгарын засгийн газар олон хүүхэдтэй, уламжлалт өнөр өтгөн гэр бүлийг иргэддээ сурталчилсан зурагт хуудас тараасан нь асуудалтай тулгараад байна.

Уг зурагт хуудсанд дүрслэгдсэн аз жаргалтай хосуудыг интернэт орчинд алдаршсан өөр дүрээр нь хүмүүс таньдагт гол асуудал байгаа юм.

Инээмсэглэн тэврэлдэж байгаа залуу хосуудын дүрд тоглосон моделиуд өмнө нь “үнэнч бус найз залуу” нэртэй гэрэл зурагт мөн дүр бүтээж байжээ.

Уг зураг интернэт орчинд маш сайн тарж, найз бүсгүйнхээ хажууд өөр эмэгтэй рүү хардаг шалиг залуугийн дүрээр нийтэд танил болсон юм.

 

Барселоны гэрэл зурагчин Антонио Гуиллем гурван моделтой хамтран ажиллаж, янз бүрийн сэдэвтэй гэрэл зургуудыг сурталчилгаанд ашиглуулах зорилгоор авч байснаас энэ зураг нь хамгийн их алдаршсан байна. Унгарын засгийн газар испани гэрэл зурагчны бүтээлүүдээс авч зурагт хуудсандаа ашигласан юм.

Харин одоо Унгарын эрх баригчдын гаргасан өнөр өтгөн, ариун гэр бүлийн сурталчилгааны зурагт хуудсыг иргэд өөр нүдээр харах болжээ. Өөрөөр хэлбэл сурталчилгааны үндсэн зорилго нь хазайж, буруу утга санаа илэрхийлэх болоод байна.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн сард ард түмэндээ хандаж үг хэлэхдээ улс орныхоо хүн амыг өсгөх замаар цагаачдын урсгалыг зогсоох санаачилгаа танилцуулсан юм. Ажиллах хүчний хомсдлыг харийн цагаачдаар нөхөхийн оронд унгарчууд өөрсдөө үржиж олон болох хэрэгтэй гэж тэр мэдэгдэж байжээ.

Орбан ингэхдээ дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь орлогын албан татвараар чөлөөлөх саналаа танилцуулж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian