Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Өмнөд Солонгосын эсрэг визний болон санхүүгийн хориг тавьж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Өмнөд Солонгосын тал дайны үеийн боолчлолын маргааны улмаас Японы компанийн эд хөрөнгийг битүүмжлэх юм бол хариуд нь визний болон санхүүгийн гүйлгээний хориг тавих боломжтой тухай Японы засгийн газрын шадар сайд, сангийн сайд Таро Асо өнөөдөр мэдэгджээ.

Хөршийнхөө эсрэг зөвхөн гаалийн татвар нэмэгдүүлээд тогтохгүй виз гаргахаа зогсоох, санхүүгийн гүйлгээнүүдийг нь царцаах арга хэмжээ авах боломжтой гэж тэр хэлсэн байна.

Энэ мэдэгдлийн өмнөхөн Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үед боолчлогдож байсан иргэдийнхээ нөхөн олговрыг төлүүлэхийн тулд Японы Nippon Steel & Sumitomo Metal Corp компанийн өөрийн газар нутаг дахь өмчийг битүүмжлэх шийдвэр гаргасан юм.

Гэхдээ Асо Токио-Сөүлийн талууд яриа хэлэлцээрийн замаар маргаанаа шийдэх боломжтой тул ийм эрс хатуу арга хэмжээнүүдийг авах хэрэг гарахгүй гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Өмнөд Солонгосын дээд шүүх 1910-1945 онд тогтож байсан колоничлолын дэглэмийн үед Японы гангийн үйлдвэрт боолын хөдөлмөр эрхэлж байсан дөрвөн иргэнд нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргаж байв.

Гэвч Японы тал дайны болон колоничлолын үеийн өр төлбөрийн асуудал 1965 онд хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр бүрмөсөн шийдэгдэж, хаагдсан хэмээн үзэж буй тул дээрх шийдвэрийг эсэргүүцсэн юм.

Тиймээс Сөүлийн шүүх Японы компанийн эд хөрөнгийг бүтүүмжлэх хүсэлт гаргасныг тус улсын дээд шүүх зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Өмнөд Солонгосын тал хоёр орны хооронд байгуулагдсан 1965 оны гэрээ нь хувь хүмүүсийн хохирлыг шийдээгүй гэсэн үндэслэлээр нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргаад байна.

Одоогийн байдлаар Токиогийн эрх баригчид яриа хэлэлцээр эхлүүлэх санал тавиад Сөүлийн засгийн газрын хариуг хүлээж байгаа юм.

 

Эх сурвалж: Kyodo News