Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Европын тэнгэрт Boeing 737 Max онгоцыг хориглож, Трамп анх удаа Боингийн хямралын талаар ам нээв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Этиопын “Ethiopian Airlines” компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоц осолдож, 157 хүний амь үрэгдээд байгаа билээ. Үүнээс тав хүрэхгүй сарын өмнө ижил загварын онгоц Индонезийн эргийн ойролцоо осолдоход 189 хүн амь үрэгдсэн юм.

Эдгээр ослуудын шалтгаан нэг байх магадлал өндөр байна.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт Европын Холбоо өөрийн агаарын орон зайд Boeing 737 Max загварын онгоцыг нисгэхгүй байх шийдвэр гаргалаа.

Өмнө нь Австрали, Сингапур, Малайз, Оман зэрэг улсууд агаарын орон зайдаа уг онгоцыг бүрэн хориглоод байв.

Харин Хятад, Этиоп, Индонез, Монгол, Өмнөд Африк зэрэг хэд хэдэн орны нийт 30 орчим авиа компаниуд өөрийн Boeing 737 Max загварын онгоцнуудын нислэгийг зогсоосон билээ.

Одоогоор Boeing 737 Max загварын нисэх онгоцнуудаа зогсоогоод байгаа орнууд:

 

Одоо дэлхий даяар 18 орчим компани дээрх загварын нисэх онгоцоор үйлчилсэн хэвээр байгаа ч Европын Холбооны шийдвэр тэдний нислэгийн хүрээг хязгаарлах болж байна.

АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) Боингийн шинэ загварын онгоцыг нислэгт ашиглах нь аюулгүй гэсэн мэдэгдэл хийгээд байгаа.

Гэхдээ тус улсын конгрессийн зарим гишүүд мөн хориг тавихыг шаардаж эхэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анх удаа Боингийн онгоцны талаар ам нээж, өөрийн твиттер хуудсанд үзэл бодлоо бичжээ. Тэрээр “Нисэх онгоцнууд улам нарийн түвэгтэй болж байна. Нисгэгчид хэрэггүй болж оронд нь MIT-ийн компьютерын мэргэжилтнүүд онгоц жолооддог болоод байна. Ийм үзэгдэл хаа сайгүй ажиглагдаж байгаа. Гэхдээ ахиж дэвшихийн тулд онц шаардлагагүй алхам хийхийн оронд заримдаа хуучин, энгийн аргаа хэрэглэх нь хамаагүй дээр байдаг. Юмс нарийн түвэгтэй болох тусам аюул нэмэгддэг. Багахан дэвшлийн төлөө их төлөөс төлөх нь бий. Та нарын хувьд юу гэж боддогийг мэдэхгүй юм. Би лав Альберт Эйнштэйнийг нисгэгчээрээ сонгохыг хүсэхгүй. Мэргэжлийн сайн нисгэгч л онгоцыг маань жолоодоосой гэж би хүснэ” гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл Трамп технологийн дэвшилд хэт найдсанаас болж Боингийн онгоцнууд осолдож байна хэмээн шүүмжилсэн байна. Тэр хэт нарийн техник, технологиос илүү хүний ур чадварт найддагаа ингэж илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Quartz, Time