Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Этиопын нисэх онгоцонд зорчиж явсан 157 хүн бүгд амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Этиопын нийслэл Аддис Абаба хотоос Кенийн нийслэл Найробиг зорин хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн Boeing 737 нисэх онгоц хэдхэн минутын дараа осолдсон билээ.

Нийслэлээс 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо унасан онгоцонд 149 зорчигч, нисэх багийн найман гишүүн, нийт 157 хүн явсан нь бүгд амиа алджээ.

Онгоц хөөрөөд удаагүй байхдаа техникийн асуудалтай тулгарснаа мэдэгдэж, буцаж буух зөвшөөрөл авсан тухай Этиопын албаныхан мэдээлсэн байна.

Boeing 737 Max загварын уг онгоц Ням гарагийн өглөө Өмнөд Африкийн Йоханесбург хотоос Аддис Абабад ирээд байжээ. Уг онгоц өнгөрсөн оны сүүлээр нисэж эхэлсэн шинэ онгоц бөгөөд хоёрдугаар сард засвар үйлчилгээ хийлгээд байсан гэнэ. Ослын шалтгааныг тогтоохоор Этиопын тал Boeing компанитай хамтран ажиллаж байна. Мөн АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Агентлагийн дөрвөн мэргэжилтэн мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээр Этиопыг зорьжээ.

2016 онд зах зээлд анх гарсан Boeing 737 Max загварын нисэх онгоц таван сарын өмнө Индонезийн эргийн ойролцоо осолдоход 189 хүн амь үрэгдсэн юм.

“Ethiopian Airlines” нь дэлхийн хамгийн хурдтай өсөн дэвшиж байгаа агаарын тээвэрлэгчдийн нэгт тооцогддог бөгөөд Африк тивийн хамгийн том авиа компани ажээ. Тиймээс энэ удаагийн осол тус компанийн нэр хүнд, аюулгүй байдлын үнэлгээнд муугаар нөлөөлөх нь гарцаагүй.

Онгоцонд Кени, Канад, Хятад, АНУ зэрэг нийт 30 улсын иргэн зорчиж явсан байна.

Эх сурвалж: Quartz