Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ард иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан Алжирын ерөнхийлөгч дахин нэрээ дэвшүүлэхгүй гэж амлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Умард Африкийн Алжир улсад ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Уг сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өчигдөр буюу Ням гарагаар өндөрлөж байгаа юм.

Гэтэл Алжир улсын ерөнхийлөгчийн суудалд 1999 оноос хойш тасралтгүй сууж байгаа 82 настай Абделазиз Бутефлика тав дахь удаагаа өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Баасан гарагаас эхлэн Алжирын олон хотод олон мянган иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон байна. Мөн хилийн чанадад байдаг алжирчууд зүгээр суусангүй. Парис хотод өчигдөр 6,000 гаруй Алжирын иргэн жагсаал зохион байгуулжээ.

Өнгөрсөн шөнө ерөнхийлөгч Абделазиз Бутефликагийн ард түмэнд хандаж бичсэн захидлыг Алжирын төв телевизээр уншиж сонсгосон байна. 2013 онд зүрхний шигдээсээр өвдсөнөөсөө хойш тэр олны өмнө цөөхөн гарсан ба одоо Швейцарьт эмчлүүлж байгаа юм.

 

Бутефлика захидалдаа “хэрвээ дөрөвдүгээр сарын сонгуулиар дахин сонгогдвол улс төрийн шинэчлэлийг эхлүүлэх үндэсний чуулган зохион байгуулж, ээлжит бус сонгууль явуулах хугацааг товлох ба уг сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” хэмээн амлажээ.

Тэрээр “Ээлжит бус сонгуулийн дараа залгамжлагчдаа эрх мэдлийг шилжүүлэх нь ил тод, энх тайванч арга зам” гээд үүгээрээ Алжирын улс төрийн системд шинэчлэл эхлүүлэх хүсэлтэй гэсэн юм.

Ерөнхийлөгч нь өвчний улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул улс орныг үнэн хэрэгтээ түүний дүү, зөвлөх Саид Бутефлика, армийн командлагч Ахмед Гаид Салах нар удирдаж байгаа гэж ажиглагчид таамагладаг.

Тиймээс өндөр настай, эрүүл мэндийн хувьд шаардлага хангахгүй ерөнхийлөгчтэй болвол засгийн эрх цэргийнхний гарт шилжиж магадгүй гэсэн айдас Алжирын иргэдэд байгаа юм.

Хэрвээ Бутефлика нэрээ татахгүй бол Алжир улсад эмх замбараагүй байдал өргөжих төлөвтэй байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: The Guardian