Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп бусдыг айлган сүрдүүлэхийг 500 орчим удаа тушааж байсныг өмгөөлөгч нь батлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байсан Майкл Коэн өчигдөр конгрессийн сонсголд оролцож, хяналтын байнгын хорооны гишүүдийн асуултад хариулжээ.

Трампын асуудлуудыг шийдэх ажлыг гүйцэтгэдэг байсныхаа төлөө “fixer” (засварлагч) хоч авсан Коэн АНУ-ын одоогийн ерөнхийлөгчтэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн юм. Тухайлбал 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн луйврыг мэдэж байсан, сонгуульд өрсөлдөж байх үедээ оросуудтай бизнес харилцаатай байсан, гэр бүлээс гадуур хүүхнүүдтэй холбоотой байсан, хувийн бизнесээ өргөжүүлэх зорилгоор Цагаан ордонд суух болсон зэрэг баримтуудыг дэлгэжээ.

Дональд Трампыг тэр “арьс өнгөний үзэлтэн, худалч, луйварчин” зэргээр тодорхойлсон юм. Харин энэ үед Вьетнамд байсан Трамп “Тэр намайг гүтгэж байна. Ердөө хоригдох хугацаагаа багасгахын тулд худлаа ярьж байна” хэмээн Коэны мэдүүлгийг твиттер хуудсандаа шүүмжилжээ.

Одоо 52 настай Коэн арав орчим жилийн турш Трампын хамгийн ойрын хүн явсан бөгөөд өнгөрсөн онд татвараас зугтсан, сонгуулийн санхүүжилтыг буруугаар ашигласан хэрэгт буруутгагдсан цагаасаа эхлэн ерөнхийлөгчийн эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн юм.

Өчигдрийн сонсголын нэг сонирхолтой хэсэг нь Трампын даалгавраар маш олон удаа бусдыг айлган сүрдүүлэх ажил хийж байснаа Коэн ярьсан явдал байв.

Конгрессийн гишүүн Жэки Спэйэр түүнээс “Ноён Трамп танд хэдэн удаа хувь хүн, хуулийн этгээдийг айлган сүрдүүлэх даалгавар өгч байсан бэ?” гэж асуусан юм. Коэн “Нэлээд олон удаа” гэж хариулжээ.

Спэйэр “50 удаа?”, “100 удаа?”, “200 удаа?” гэж дараалан асуухад Коэн “үүнээс олон” гэж хариулсаар эцэст нь “арван жилийн хугацаанд 500 орчим удаа сүрдүүлэх даалгавар өгсөн“ гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Сүүлийн сонгуулиар конгрессийн төлөөлөгчдийн танхимд олонх болсон Ардчилсан Намын гишүүдэд Коэны мэдүүлэг чухал ач холбогдолтой юм. Тэд Дональд Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай бол ерөнхийлөгчийг огцруулах (импичмент) чадавхитай болоод байгаа.

Коэны мэдүүлэг Вьетнамд өнөөдөр болж буй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 16 | 17 цаг