Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Гологдсон эрчүүд” Валентины баярын эсрэг жагсаалыг Токиод зохион байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг дэлхий дахинд Валентины баяр буюу хайрт хосуудын баяр болгон тэмдэглэдэг.

Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт хэсэг хүмүүс Валентины баяр тэмдэглэхийг эсэргүүцсэн жагсаалыг Токио хотод зохион байгуулжээ. “Какумэйтеки Химотэ Домэй” нэртэй байгууллага уг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Байгууллагын нэрийг утгачлан орчуулбал “Гологдсон Эрчүүдийн Хувьсгалч Эвсэл” гэдэг ажээ. Тус байгууллага 12 дахь жилдээ эсэргүүцлийн жагсаал хийж байгаа гэнэ. Бямба гарагт Токио хотод цастай, хүйтэн байсан хэдий ч цөөн тооны “гологдсон эрчүүд” жагсаалаа амжилттай зохион байгуулжээ.

Байгууллагын удирдагч Такаюки Акимото жагсаал эхлэхийн өмнө оролцогчидтой мэндлээд “романтик капитализм”-ыг устгах тэмцэлд олон жил хүчин зүтгэж байгаад нь талархлаа илэрхийлсэн байна.

Сүүлийн үед Японд Валентины баяраар заавал хайртай хүндээ биш, өөртөө болон жирийн найз нартаа шоколад бэлэглэх үзэгдэл дэлгэрч байгааг өөрсдийнх нь "тэмцлийн үр дүн юм" гэж Акимото энэ үеэр бахархан ярьжээ.

Дараа нь тэд Шибуяагийн гудамжаар “Валентины баяр сөнөтүгэй!”, “Романтик капитализм сөнөтүгэй!”, “Чихэр үйлдвэрлэгчдийн өдөөн хатгалгад бүү авт!” зэрэг уриаг чанга яригчаар хэлж алхсан байна. Тэд бас Японд жил бүрийн гуравдугаар сарын 14-нд тохиодог Валентины баяраар бэлэг авсан хүмүүс хариу бэлэг барьдаг өдрийг угтан ийм арга хэмжээ зохион байгуулдаг гэнэ.

Эх сурвалж: Japan Today