Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн засгийн газар 2016 оны төрийн эргэлттэй холбоотой 1,112 хүнийг баривчлах тушаал гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2016 онд гарсан төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой 1,112 хүнийг баривчлах тушаалыг Туркийн эрх баригчид гаргасан тухай CNN Turk суваг өнөөдөр мэдээлжээ.

АНУ-д цагаачлан амьдарч байгаа шашны номлогч Фетуллах Гюленыг зохион байгуулсан гэж Турк улс албан ёсоор үздэг энэхүү төрийн эргэлтийн үеэр 250 орчим хүн амиа алдаж байв.

Ерөнхийлөгч Тайип Эрдогантай нэгэн үед ойр холбоотон явсан Гюлен өөрийгөө уг хэрэгт холбогдолгүй гэдгийг баталдаг. Нийслэл Анкара хотод голлон явагдах их баривчилгаа Туркийн нийт 76 мужийг хамрах гэж байгааг CNN Turk мэдээлжээ.

Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал төрийн эргэлт хийх оролдлогоос хойш хэрэгжсэн хамгийн том нэг удаагийн баривчлах ажиллагаа болох юм.

Одоогийн байдлаар 2016 оноос хойш нийт 77,000 гаруй хүн баривчлагдан шоронд хоригдож, шүүгдэх өдрөө хүлээж байгаа.

Мөн эргэлт хийх оролдлогын дараа 150,000 орчим төрийн болон армийн албан хаагчдыг ажлаас нь халжээ.

 

Эх сурвалж: Reuters