Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сан Ремогийн наадамд араб гаралтай дуучин түрүүлж, Италийн удирдагчид эвгүйцэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Италийн Сан Ремо хотод болдог дууны наадам өнгөрсөн Бямба гарагт дүнгээ гаргажээ.

Энэ жилийн наадамд Египет гаралтай Италийн иргэн Алессандро Махмуд түрүүлсэн юм. Тэргүүн байрын эзнийг шалгаруулах саналын 60 хувийг хөгжмийн мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгч нар шийддэг бөгөөд үлдсэн 40 хувьд нь олон нийтийн саналыг тусгадаг ажээ.

Шүүгчдийн дийлэнх нь Махмудад саналаа өгсөн бол олон нийтийн санал Ултимо тайзны нэрээр танигдсан дуучин Николо Морикониг сонгосон байна. 

Энэ явдлын дараа Италийн засгийн газрын шадар сайд, үндсэрхэг үзэлтэй Лига намын тэргүүн Маттео Салвини “Махмуд…мах…энэ хамгийн гоё итали дуу юм гэж үү? Би Ултимод саналаа өгсөн” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Тэр бас иргэдийн дийлэнх нь шүүлтэд эргэлзэж байгаа гэж үзсэн байна.

Тэдний намтай эвсэж засгийн газар байгуулсан Таван Од хөдөлгөөн (Five Star Movement)-ий тэргүүн, засгийн газрын шадар сайд Луйжи Ди Майо шүүлтийн үр дүнг “олон нийт болон элит хэсгийн хооронд ямар их зайтай байгааг харууллаа” гэж шүүмжилжээ.

Тэрээр “Ирэх жил зөвхөн олон нийтийн саналаар ялагчийг шалгаруулах нь зөв” гэж фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Италийн RAI телевизийн суваг Сан Ремогийн наадмыг шууд дамжуулсан юм. Тус сувгийн захирал, цагаачлалыг эсэргүүцдэгээрээ алдартай Марчелло Фоа “цөөн тооны шүүгч нар болон олон нийтийн санал ямар их зөрүүтэй байгаа нь эндээс харагдсан тул ирэх жил шүүлтийн системийг өөрчлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард Маттео Салвини, Луйжи Ди Майо нарын хүчтэй дэмжлэгтэйгээр RAI сувгийн захирлын суудалд томилсон юм.

Фоагийн томилгоог бусад улс төрийн хүчнүүд, сэтгүүлчдийн байгууллагууд эсэргүүцэж байжээ. Таван өдөр үргэлжилж, 10 гаруй сая үзэгчтэй байсан Сан Ремо наадам байнгын хэрүүл маргаан дунд болдог. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд маргаанд оролцох нь маш ховор тохиолдол юм.

Энэ жил түрүүлсэн Махмуд нь итали эх, египет эцэгтэй, Миланд төрсөн хүн ажээ. Тэрээр Soldi (Мөнгө) нэртэй дуугаар түрүүлсэн бөгөөд дууныхаа шүлэгт цөөн араб үг ашигласан байна.

Гэхдээ Махмуд өөрийгөө 100 хувь Итали хүн гэж боддогоо сэтгүүлчдэд ярьсан юм. Наадмын шүүгчдийг хийсэн сонголтоороо Италийн төрийн эрхэнд байгаа үндсэрхэг үзэлтнүүдэд сануулга өгөх зорилго агуулсан байх гэж зарим ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian