Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амартайван: Монгол адууны жинхэнэ угсаа, залгамж устах аюулд хүрээд байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Монголын морин спорт уяачдын холбооны долоодугаар их хурал энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагджээ. Тус хуралдаанаар Үндэсний морин уралдаанд оролцох морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдаанд оролцуулах болсон шийдвэрийг гаргажээ. Тэгвэл энэхүү гарсан шийдвэр болон үндэсний морин уралдаанд "эрлийз" адууг оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж, уяачдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уяачдын төлөөлөл Е.Үнэнпүрэв "ММСУХ-ны 21 аймаг, 330 сумын уяачдаас авсан санал асуулгаар 82.6 хувь нь монгол адуугаараа уралдах саналыг дэмжсэн байдаг. Гэвч монгол морьдын уралдаанд монгол бус эрлийз адуугаар уралдах асуудал жил болгон гарч, тухайн үедээ олон маргааныг араасаа дагуулдаг болоод удаж байна.

Энэ тал дээр төр засгийн зүгээс ямар нэгэн зохицуулалт байхгүй, анхаарлаа хандуулдаггүй тул ийм асуудал байнга гардаг гэж хэлж болно. Түүнчлэн ММСУХ уяачдынхаа эрх ашгийг хамгаалж, хангаж ажилладаг байх ёстой байх атал эсрэг үйл ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Хэнтий аймгийн уяачдын төлөөлөл Н.Санжаадорж "Бид хамгийн түрүүнд үндэсний морин уралдааныг спорт юм уу, Монголын өв соёл юм уу гэдгийг ойлгож, тодорхойлох хэрэгтэй байна. Миний хувьд үндэсний морин уралдааныг устаж, арилгаж болохгүй Монголын үнэт өв соёл гэж хэлнэ.

Гэвч ихэнх хүмүүс үүнийг өв соёл бус зөвхөн уралдаан маягаар л харж, ойлгодог. Монголын үндэсний өв соёлын хувьд морин уралдааны цаад ач холбогдол нь монгол ахуй, монгол адуугаа дагасан ёс заншил зэрэг багтаж явдаг ба монгол хүний хүмүүжил, төлөвшил, ур ухаан шингэсэн өв соёл юм.

Мөн үндэсний морин уралдаан гэдэг нь монгол адуу, монгол уяач, монгол хүүхэд унадаг том ёс заншил юм. Гэвч сүүлийн үед монгол адуугаараа уралдахгүй болсноор энэхүү ёс заншил алдагдаж байна. Хэрэв үндэсний морин уралдааныг үндэсний хэмжээний өв соёл гэж ойлгож байгаа бол энэ асуудал Монголын төрийн бодлогын хэмжээнд очиж, зохицуулагдах шаардлагатай байна" гэлээ.

Сүхбаатар аймгийн уяачдын төлөөлөл С.Амартайван "Уяачдын холбооны долоодугаар их хурлаар морьдыг сэрвээний өндрөөр шалгаруулж, уралдуулах шийдвэр гарсантай бид санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл өндөртөө хүрсэн бүх адуу уралдах боломжтой болж байна гэсэн үг. Мөн монгол морьдыг энэ өндөрт хүргэхийн тулд адууг эрлийзжүүлэх зэрэг асуудал гарч эхэлнэ гэсэн үг.

Түүнчлэн эрлийзжүүлсэн морьдоос гарч буй шинэ төрлийн, Монголын нутагт өмнө гарч байгаагүй олон хэмжээний өвчин хөдөө орон нутагт гарч байна. Энэ мэтээр монгол адууны жинхэнэ угсаа, залгамж устах аюулд хүрээд байна" хэмээлээ.

Ийнхүү уяачдын төлөөлөл ММСУХ-ноос гаргасан тус шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн дэлхийн бусад улсад морьдыг өндрөөр нь хэмжиж, уралдуулах шаардлага хаана ч байдаггүй. Харин морьдыг үйлдвэр бүрээр нь ангилж уралдааныг зохион байгуулах нь үйлдвэрийн үржлийг шалгах хамгийн оновчтой арга байдаг талаар тэд мэдээлсэн юм. 

Тийм учраас нэг үйлдвэрийн адууны уралдааны төрөлд тухайн үйлдвэрээс өөр эсвэл эрлийз адууг уралдуулахыг олон улсад хориглосон байдаг. Гэвч манай улсад энэ бүхэн эсрэгээрээ явагдаж байгааг эсэргүүцэж, төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг онцоллоо.

Зураг
13 | 18 | 17 цаг