Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын байгууллагад ажиллаж буй үйлчилгээний 26,000 ажилтны төлөөх тэмцлийг эхлүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын хаагчдын цалинг энэ сарын 1-нээс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч энэхүү цалингийн нэмэгдэл төрийн албан хаагчдад ялгавартай тусаж байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “2018 оны есдүгээр сард боловсролын салбарынхан цалингаа нэмэгдүүлэх тэмцэл өрнүүлсэн. Үүний үр дүнд аравдугаар сард 7 орчим хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Мөн энэ оны эхнээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан.

Нийтдээ 15 орчим хувиар багш, ажилчдын цалин нэмэгдэх нь гэсэн хүлээлттэй байсан боловч бодит байдал дээр зарим ажилчдын цалин нэг л хувь нэмэгдсэн байна. Номын санч, манаач, сантехникийн ажилтан гэх мэтчилэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн туслах үйлчилгээний ажилчдын цалин энэ онд 8-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн” гэлээ.

Тэдний тайлбарлаж буйгаар, өнгөрсөн оны аравдугаар сард цалинг долоон хувиар нэмэгдүүлснээ энэ онд нэмж байгаа найман хувьдаа шингээн тооцсон гэлээ. Ингэснээр 2019 онд боловсролын салбарт ажиллаж буй үйлчилгээний ажилтнуудын цалин нэг хувь нэмэгдсэн аж. Энэ асуудлаар удаа дараа Засгийн газарт хандсан боловч тодорхойгүй хариу өгч, цаг хугацаа алдаж байгаа гэсэн юм. Тиймээс тэд тэмцлийн арга хэмжээг албан ёсоор эхлүүлж, хамтын маргааныг сэргээж байгаагаа мэдэгдлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын байгууллагын ажилчдын төлөөлөл н.Саранцэцэг “Сургуулийн өмнөх байгууллагын ажилчид өглөөнөөс орой хүртэл ачаалал ихтэй ажилладаг. Төр засгаас ажлын ачааллыг бодолцон, цалингийн асуудлыг шийдэж өгнө, амьдралын баталгаажих түвшнийг хангана гэж итгэж найдсаар байна. Гэтэл энэ онд цалинг найман хувиар нэмлээ гэтэл бодит байдал дээр 6,000-8,000 төгрөгөөр л нэмэгдлээ. Жишээлбэл, талбайн үйлчлэгчийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодогдсон цалин 359 мянга байсан бол энэ онд цалин нэмнэ гэсний дараагаар 368 мянган төгрөг болсон” гэв.

Мөн тэд Засгийн газрыг хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэйг тодотгоод боловсролын салбарын 26 мянган туслах үйлчилгээний албан хаагчдын төлөө тэмцэхээ илэрхийлээд байгаа юм. Түүнчлэн боловсролын байгууллага онцлог салбар учраас энд ажиллаж буй үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсний асуудлыг тусад авч үзэн, шинэчлэх шаардлагатай хэмээлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn