Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын спортын салбарт томоохон шалгалт эхлэх гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Шим Сук Хи

Спортын салбарт ужгирсан бэлгийн болон бие махбодын хүчирхийллийн дадал зуршлыг илрүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын хүний эрхийн комисс томоохон шалгалт зохион байгуулахаар болжээ.

Саяхан тус улсын эмэгтэй тэшүүрчид дасгалжуулагчийнхаа зохисгүй ааш авирыг анх удаа ил болгосон нь ийм өргөн хүрээтэй арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Жил орчим үргэлжлэх шалгалтад 50 спортын төрлийг хамруулж, бага насны хүүхдүүдээс эхлээд насанд хүрсэн тамирчдтай ярилцлага хийж, мэдүүлэг авахаар болжээ.

Төрийн албан хаагчид, иргэний байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцсон баг ирэх долоо хоногоос эхлэн ажилдаа орохыг Өмнөд Солонгосын Хүний Эрхийн Үндэсний Комиссын төлөөлөгч Пак Хон Гюн өнөөдөр мэдэгдсэн байна.

 Шалгалтыг шаардлагатай бол нэг жил хүртэл хугацаанд үргэлжлүүлэх гэнэ. Тамирчдын ихэнх нь өөрт тохиолддог зүйлсийг хэвийн, хэвийн бусыг ялгаж мэдэхгүй тул боловсрол олгох үйл явцыг мөрдлөгтэй хамтатгахаар комисс төлөвлөжээ.

Саяхан тус улсын шорт трэкийн төрлийн хоёр удаагийн олимпийн медальт Шим Сук Хи өмнөх дасгалжуулагчдаа 17 наснаасаа эхлэн удаа дараа хүчиндүүлж байснаа дэлгэсэн юм.

Түүний дасгалжуулагч асан Чо Жэ Бём Пёнчаны олимпийн өмнө үндэсний шигшээ багийг дасгалжуулж байсан бөгөөд одоо тамирчдын биед халдаж, зодсон хэргээр 10 сарын хорих ял эдэлж байгаа. Хохирогчдын дотор Шим Сук Хи бас багтаж байсан юм.

Дараа нь өнгөрсөн Даваа гарагт тус улсын тэшүүрийн шигшээ багийн таван эмэгтэй тамирчныг төлөөлж буй хүн дасгалжуулагчийн бэлгийн дарамтын хэргийг олон нийтэд ил болгосон байна. Хохирсон тамирчдын нэр усыг одоогоор нийтэд зарлаагүй байгаа юм.

Шим Сук Хигийн алхмын дараа жүдо, таэквондо, хөлбөмбөг, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид дасгалжуулагчийнхаа ёс зүйгүй үйлдлийн талаар ярьж эхэлжээ.

Эмэгтэй хүнийг дорд үздэг уламжлалтай Өмнөд Солонгосын спортын ертөнцөд эмэгтэй тамирчдын амсдаг зовлон бэрхшээлийн тухай хэл ам эртнээс яригддаг байсан. Гэвч жил гаруйн өмнөөс дэлхий дахинд өрнөсөн #MeToo хөдөлгөөний нөлөөгөөр эмэгтэй тамирчид асуудлыг ил болгож эхэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian