Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн.

Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна гэж Засгийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. 

Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэх юм байна.  Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх ажээ. 

Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана гэж Засгийн газар үзэж байна. 

Мөн хуралдаанаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хэлэлцэн баталжээ.