Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"НДС-ийн алдагдлыг шимтгэл нэмэгдүүлэх замаар даатгуулагч, ажил олгогчоос нөхөх явдлыг эрс буруушааж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ болон Засгийн газарт гурван зүйл бүхий шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Тус холбооныхон иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Үүнд:

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах
  2. Тэтгэврийг дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах
  3. Зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн хүүг бууруулахыг шаардлаа. Энэ бол ажил эрхэлж буй олон мянган иргэдийн санал шаардлага гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.

Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнийг манай холбоо эрс эсэргүүцэж байгаа. Нийгмийн даатгалын сангийн гүйцэтгэл, үлдэгдлийг хянаж үзэхэд НДС өнгөрсөн оны эцсээр 247 тэрбум төгрөгийн ашигтай, эрүүл мэндийн даатгалын сан 110.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Ийм байхад НДШ-ийг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдал нааштай байгаа энэ үед ажилтны, нөгөө талаас ажил олгогчийн халааснаас гардаг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх сонирхол байгаад учир байна” гэлээ.

Түүнчлэн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Нийгмийн даатгалын сангийн алдагдал нь даатгуулагчаас үүссэн алдагдал биш. Энэ бол тус сангийн хөрөнгийг Улсын төсөвтэй хольсноос үүссэн. Гэтэл алдагдлыг шимтгэл нэмэгдүүлэх замаар даатгуулагч, ажил олгогчоос нөхөх явдлыг манай холбооноос эрс буруушааж байна” хэмээв. 

Харин тэтгэврийн хэмжээг тогтоолгоход таван жилийн цалингийн дунджаар тооцдогийг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгохоор шийдвэрлэсэн нь иргэдэд ямар хохиролтой талаар тэрбээр, “Тэтгэвэр тогтоолгоход зургаа болон долоон жилийн цалингийн дунджаар тооцон тогтооход ямар нөлөө үүсэхийг бид судалж үзсэн. Ингэхэд тэтгэврээ тогтоолгож буй хүмүүс таван жилээр тооцдог байх үеэс 40-50 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авахаар байна. Тэгэхээр хувь хүндээ буюу тэтгэвэр авагчдад хохиролтой” гэж тайлбарлалаа.