Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани 2018 онд АНУ-ын засгийн газрыг лоббидоход $21 саяыг зарцуулж, дээд амжилт тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Google компани өнгөрсөн онд АНУ-ын эрх баригчдыг лоббидоход $21.2 саяыг зарцуулсан нь тус компанийн түүхэн дээд амжилт болсныг өчигдөр мэдээлжээ.

2012 онд $18.22 саяыг зарцуулсан тохиолдол өмнөх дээд амжилтад тооцогддог байв. Харин 2017 онд энэ зорилгоор $18.04 саяыг зарцуулж байжээ.

Энэ зардлын цаана яг ямар үйл ажиллагаа явуулсныг Google тайлбарлахаас татгалзсан байна. Өчигдөр бас Фэйсбүүк компани түүхэндээ хамгийн их мөнгийг ($12.62 сая) Вашингтоны эрх баригчдыг лоббидоход зарцуулснаа мэдээлсэн юм. 

Майкрософт 2018 онд $9.52 саяыг улс төрчдийг лоббидоход зарцуулжээ. 2017 онд тус компани $8.5 саяыг зарцуулж байв.

Өнгөрсөн онд хүмүүсийн хувийн мэдээлэл, нууцлал, шударга өрсөлдөөн, улс төрийн нөлөөллийн асуудлууд технологийн компаниудад том дарамт болж байсан юм.

Эдгээр асуудлуудаас үүдэлтэйгээр Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өнгөрсөн сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүдэд анх удаа нээлттэй сонсгол хийж байв.

Тус компанийг интернэт хайлтын үр дүнд улс төрийн нөлөө тусгадаг гэх сэжиг байнга дагадаг. Тиймээс бизнесийнхээ бодит нөхцөл байдлыг улс төрчдөд ойлгуулах, зөв бодлого зохицуулалт гаргуулахын тулд технологийн компаниуд өнгөрсөн онд хамгийн их мөнгө зарцуулсан байна.

Тэднийг Google тэргүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд зөвхөн АНУ биш, мөн Европ, Азид тус компани эрх баригчдын дарамт шахалттай ихээр тулгарч байгаа.

 

Эх сурвалж: Business Insider