Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40,800 орчим албан тушаалтнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 15,100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 37 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.