Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн орлогч Рудольф Гессийн оронд өөр хүн шийтгүүлсэн гэх цуу ярианд судлаачид цэг тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Германы Нацистуудын нэг удирдагч болох Рудольф Гессийг өөрийнхөө оронд орлон тоглогчоо шийтгүүлж, ялаас мултарсан гэх цуу яриа олон жилийн турш үргэлжилж байв.

Өөрөөр хэлбэл Берлины Спандау шоронд бүх насаар хоригдох ялтай хоригдож байсан 7 дугаартай хүн нь Гуравдугаар Рейхийн дэд фюрер биш өөр хүн гэсэн сэжиг амь бөхтэй оршсоор байсан юм.

Тэгвэл судлаачид 7 дугаартай хоригдлын цусны дээжийг Рудольф Гессийн төрөл садны хүний цусны дээжтэй харьцуулан шинжлээд Спандаугийн хоригдол нь Нацистуудын лидер мөн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гесс 1941 онд нууц нислэгээр Шотландад хүрээд шүхрээр буусныхаа дараа баривчлагдсан юм. Түүнийг энхийн хэлэлцээр хийх зорилготой байсан гэлцдэг. Англид хоригдож байсан Гессийг сүүлд Нюрнбергийн шүүхээр оруулж, бүх насаар нь хорих ял оноосон юм.

1947 оноос Спандауд хоригдож эхэлсэн Гесс 1987 онд 93 насандаа өөрийгөө дүүжилж, амиа хорлосон байна. Тухайн үед тэр Спандаугийн цорын ганц хоригдол болж үлдээд байсан гэдэг.

Шотландад очоод баривчлагдсан, 1969 оныг хүртэл төрөл төрөгсөдтэйгээ уулзахаас татгалзаж байсан, ой санамж нь арилсан зэрэг мэдээллүүд Гессийг орлон тоглогчоо шоронд суулгасан гэх сэжгийг улам лавшруулж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Фрэнклин Рузвельт хүртэл энэ онолд итгэдэг байсан юм. Харин Гессийн ар гэрийнхэн уг сэжгийг няцааж байв.

Саяхан хэсэг судлаачид Гессээс 1982 онд авсан цусны дээжийг түүний ойр төрлийн эрэгтэйн цустай харьцуулж шинжилснээ “Forensic Science International Genetics” сэтгүүлд нийтлүүлжээ.

Нео нацистуудын шүтээн болохоос нь сэргийлж, Гессийн цогцсыг 2011 онд булшнаас нь ухаж гаргаад чандарлаж байсан юм. Судлаачид Гессийн ойр төрлийн эрчүүдийг эрж хайсны эцэст нэг эрэгтэйгээс цусны дээж авахаар тохиролцож чаджээ.

Үр дүнд нь Спандаугийн 7 дугаартай хоригдол, цусны дээж өгсөн эрэгтэй хоёрын эцгийн шугам 99.99 хувьтай давхцаж байгааг тогтоосон байна. Шинжилгээг гардаж гүйцэтгэсэн хүмүүс үр дүнг гартал Гессийн түүхийг огт сонсоогүй байсан гэнэ. 

 

Эх сурвалж: The Guardian