Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийлэл зөвшөөрч үл болох үзэгдэл

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 24 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Үүнтэй холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачилгад нэгдэж байгаагаа илэрхийлж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан шинэ дуу бүтээснээ нийтэд мэдэгдлээ.

“Хүүхэд буруугүй”  нэртэй энэхүү дууны үгийг МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг  МУУГЗ Б.Батчулуун зохиож, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ Б.Сарантуяа болон залуу уран бүтээлчид мөн Хүүхдийн ордны найрал дууны чуулгын хүүхдүүд хамтран дуулжээ.

Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуягийн тэргүүлсэн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хуралдаж, хүүхдийн эрхийн асуудлаарх салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалтын талаар зөвлөлдлөө.

Насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь гэр бүлд нөхөр нь эхнэрээ зодох нь хэвийн үзэгдэл гэсэн хандлагатай байдаг нь судалгаанаас харагджээ

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Фолл Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхэд бүр өлсгөлөн, үйл хайхралт, хүчирхийллээс ангид байж, бүрэн дүүрэн хөгжих нөхцлийг хангах үндсэн шаардлагуудыг тодорхойлсон түүхэн ач холбогдолтой гэрээ гэдгийг тодотгосон.

Өнөөдөр хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэвчлэн нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй, мэдээлэгдэхгүй өнгөрөх нь түгээмэл байна. Хүчирхийлэл гэдэг нь зөвхөн хүүхдийн бие махбодид шарх сорви, гэмтэл согог үлдээгээд зогсохгүй сэтгэл санааны арилшгүй эмзэг шархыг үлдээдэг.

Энэ нь хүүхдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд асар хор уршигтайн дээр тэдний суралцах, нийгэмших, хөгжих боломжийг хязгаарладаг байна.

Монголд олон хүүхэд гэр бүл, сургууль дээрээ зүй бус харьцаа, хүчирхийллийн золиос болж байгаа ч энэ нь ихэнхдээ хаалттай хаалганы цаана нуугдмал үлдэж байгааг баримт нотолгоо гэрчилж байна.

2012 онд хийгдсэн судалгааны дүнгээс харахад 2-14 насны хүүхдийн бараг тэн хагас нь судалгаа хийгдэхээс өмнөх нэг сарын хугацаанд гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс сэтгэл санааны эсвэл бие махбодын нэг буюу түүнээс дээш хэлбэрийн шийтгэл амссан гэжээ.

Мөн тус судалгаанаас харахад насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь гэр бүлд нөхөр нь эхнэрээ зодох нь хэвийн үзэгдэл гэсэн хандлагатай байдаг нь харагджээ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь хүлээн зөвшөөрч үл болох хүний эрхийн ноцтой зөрчлөөс гадна үүний гэрч болж буй хүүхэд сэтгэл санааны гүн шархтай үлддэг билээ.