Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын ерөнхий сайдтай ихэр мэт адил залуу Афганистанаас олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Афганистаны авьяастан тодруулдаг телевизийн шоуны нэгэн оролцогч Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой адил зүс царайгаараа алдаршаад байна.

Афганы ядуу хөгжилтэй, алслагдсан зүүн хойд Бадахшан мужийн нэгэн тосгоноос оролцож байгаа 29 настай Абдул Салам Мафтун нь хуримын дуучин гэнэ. Тэрээр “Афганы одод” нэвтрүүлгийн шүүгч нарыг хэлэх хүртэл Канадын ерөнхий сайд ямар хүн байдаг, Жастин Трюдо гэгч хэн болохыг огт мэддэггүй байжээ.

Азаар дэлхийн томоохон гүрний удирдагчтай адилхан төрсөн Мафтун одоо энэ давуу талаа ашиглан тэмцээндээ ахиухан санал авч, түрүүлэхийг хичээж байгаа гэнэ.

“Хүмүүс миний нэрийг мартаж, Жастин Трюдо гэж дууддаг болсон. Би сошиал сүлжээнээс зургийг нь харах хүртлээ энэ хүнийг огт мэддэггүй байсан” гэж тэр хэвлэлд ярьжээ.

Трюдотой холбогдож, нэр хүнд нь өссөнөөр өөрийнх нь тэмцээнд түрүүлэх магадлал 50 хувиар өссөн гэж Мафтун бас ярьсан байна.

Түүнийг Жастин Трюдотой адил болохыг шүүгч нар хэлж байгаа видео бичлэгийг интернэт орчинд олон арван мянган хүн үзсэн гэнэ.

“Афганы одод” нэвтрүүлгийн шилдэг найман оролцогчоос хасах шатны өрсөлдөөн энэ долоо хоногийн Пүрэв гарагт эхлэх ажээ.

Мафтун хурим найранд хөгжим тоглож, дуулах замаар эхнэр, дөрвөн хүүхдээ тэжээдэг байна. Харин Канадын ерөнхий сайдтай адилхан гэсэн алдар нэр нь түүний бизнест сайн нөлөө үзүүлнэ гэдэгт Мафтун итгэлтэй байгаа ажээ.

Тэр бас өөртэй нь ихэр мэт адилхан төрсөн Трюдотой хэзээ нэг өдөр нүүр тулж уулзана гэдэгтээ итгэлтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian