Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засаг 6.4% өссөн ч инфляцийн ханш, шатахууны үнэ нэмэгдэж, төгрөг суларсан жил байв

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Удахгүй улирах гэж буй 2018 он Монгол Улсын эдийн засагт багагүй өөрчлөлттэй жил болсныг дараах 7үзүүлэлтээр харуулж байна. 

1. Шатахууны үнийн 47%-ийн өсөлт

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралттай зэрэгцэн шатахууны үнэ 2018 он гармагц нэмэгдэж эхэлсэн.

Энэ сарын эхээр Засгийн газраас литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасныг эс тооцвол 2018 онд онцгой энэ бүтээгдэхүүн 47%-аар үнэд оров. Өчигдөр мөн 50 төгрөгөөр хямдарч, АИ-92 литр тутамдаа 1,840 төгрөг болсон юм. Хэдийгээр аравдугаар сараас ханшийн муруй доош чиглэж, газрын тос хямдарсаар байгаа ч төгрөгийн ханшийн уналт шатахууны үнийг бууруулах боломж олгосонгүй.   

График 1. АИ-92 бензиний үнэ, сүүлийн гурван жилийн арваннэгдүгээр сарын байдлаар,

Монгол Улсын нийт импортын 20 орчим хувийг эзэлдэг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад дангаараа 10 орчим хувийн нөлөөлөл үзүүлж, иргэдийн халаасыг шууд тэмтэрдэг тул энэ өсөлт эдийн засгийн хувьд онцлохоос аргагүй үзүүлэлт байв.

Хэдийгээр эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн ч энэ нь иргэдийн бодит орлогод төдийлөн хүртээмжтэй байж чадсангүй гэдгийг инфляцийн өсөлт нотолж байна. 

2. Төгрөгийн ханшийн тасралтгүй уналт 

2018 он ам.долларын ханшийн рекорд жил болон өнгөрч байна. Оны эхэнд 2,448 төгрөгтэй тэнцэж байсан доллар 2018 оны есдүгээр сарын 12-нд 2,497.65 болсноос хойш дээд амжилтаа удаа дараа ахиулсаар 2,560 дээр нэг хэсэг хэлбэлзэж байтал БНХАУ нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргасныг даган манай үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш улам эрчтэй суларсаар өнөөдрийн байдлаар 2,643 орчим төгрөгөөр ганцхан ам.доллар худалдан авах хэмжээнд хүрээд байна. 

График 2. Ам.долларын ханш, сүүлийн гурван оны арваннэгдүгээр сарын байдлаар

Ам.долларын ханшийн өсөлтийн гол шалтгаан нь гадаад зах зээл буюу АНУ-ын Төв банкны бодлогоос гадна дотоодын зах зээлийн эрэлт өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн Монголбанк тайлбарлаж байгаа. Тухайлбал, 2018 оны эхний 11 сарын байдлаар импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллараар өссөнийг ҮСХ мэдээлсэн. Энэ өсөлтөөс 128.8 сая ам.долларын өсөлт нь дизель түлшний импортод хамаарч байгаа юм. Хэдийгээр энэ онд Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрсэн гэж гайхуулж, экспортын орлого нэмэгдсэн ч ийнхүү төгрөгийн ханш 2018 онд 7.9%-аар суларчээ. 

Эргэн сануулахад ам.долларын ханш 2015 оны сүүлчээр 1,992.9 төгрөг байсан билээ. 

3. Зорилтот түвшнээс давсан инфляц

Хэрэглээний үнийн индекс буюу инфляц мөн л 2018 онд өссөөр хамгийн сүүлд Үндэсний статистикийн хорооны танилцуулсан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайлангаар 8.1 хувьд хүрэв. Ингэснээр оны сүүлчээр 6.5-8%-д хадгалагдана хэмээн тооцоолж байсан Монголбанкны төсөөллөөс инфляц 0.1 пунктээр давлаа. Зөвхөн Улаанбаатар хотын инфляц 9.3 хувьтай байгаагийн 5-ыг нь шатахуун, хатуу түлш, махны үнийн өсөлт дангаар бүрдүүлсэн юм.  

График 3. Инфляц, сүүлийн гурван оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтээр

Арваннэгдүгээр сарын байдлаар хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 52.6 хувь, судалгаанд сонгосон зөвхөн хүнсний 100 нэрийн барааны 67-гийнх нь үнэ өссөн дүнтэй байв.  

Төв банкнаас инфляцыг нам дор тогтвортой байлгах буюу 6-8%-д хадгалахаар зорьсоор байна. Ямартай ч эдийн засаг нь гайхамшигтай өссөөр байгаа ч инфляц иргэдийн халаасыг ийнхүү 10 хувиар торгосоор байна.

4. Хоёр их наядаар тэлсэн төсвийн орлого

2017 оны Төсвийн тухай хуулиар 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өсөлтийн үе таарснаар Монгол Улс гүйцэтгэлээр 9.035 их наяд төгрөг төвлөрүүлээр байна. Эхний 11 сарын байдлаар 266 тэрбум төрөгийн ашигтай байгаа.

График 4. Төсвийн орлого, сүүлийн гурван жилийн арваннэгдүгээр сарын байдлаар 

Төсөв сүүлийн зургаан жилд анх удаа ийнхүү эерэг гарахад татварын орлого маш том нөлөө үзүүлснийг дурдах хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын статистикаар төсвийн нийт орлого 7.4 их наяд төгрөг болж жилд 30% өссөний 81.4 хувийг татварын орлого бүрдүүлсэн. 

Харамсалтай нь УИХ 2019 оны төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, Монгол Улсын өрийг ийм хэмжээгээр нэмлээ.

5. Хөрөнгийн зах зээлийн 30 жилийн түүхэн дэх дээд амжилт 

Хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөнөөс хойших 30 жилийн түүхэнд анх удаа жил хүрэхгүй хугацаанд 5 хувьцаа (нэг нь давхар бүртгэл) шинээр бүртгэгдэж, хоёр бонд гарсан нь 2018 оны онцлох үйл явдал байв.

Тэр тусмаа гарсан бүтээгдэхүүнүүд нь финтек, ББСБ, даатгал, давхар даатгал гэгчлэн цоо шинэ тодотголтой, шинэлэг бизнесүүд байсан нь олон нийтийн анхаарлыг татаж, тэр хэрээр энэ зах зээлд оролцох хүмүүсийн хүсэл өндөр байсныг захиалга бүр давж орж байсан явдал харуулав.

Зарим тоон үзүүлэлтээс сануулбал:
 
Өнгөрсөн оны III улиралд хувьцааны данс шинээр нээлгэсэн 10,689 хүн бүртгэгдсэн бол энэ тоо жилийн дараа 60,526 болж нэмэгджээ. Хувьцааны арилжаа 18.4 тэрбум төгрөг байсан нь 2016 оны III улирлын байдлаар 75.4 тэрбум төгрөг хүрч идэвхжсэн. Үнэт цаас арилжааны 80 орчим хувийг дангаар эзэлдэг байсан ЗГҮЦ гарахгүй байгаа үед шүү дээ.

График 5. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, сүүлийн гурван жилийн арваннэгдүгээр сарын байдлаар

Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өдгөө 2.35 их наяд төгрөгт хүрч, зөвхөн дотоод нөөц боломжоороо тэлж, өнгөрсөн оныхоос 13 хувиар, 2015 оноос хойш 200% өссөн. Манай хөрөнгийн зах зээл өмнө нь 2011 онд яг ийм өндөр түвшинд хүрч байсан. Гэхдээ тэр үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн өндөр түвшинд буюу 4.4 тэрбум ам.доллар байсан билээ. 

2019 онд хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хамгийн их хүлээлттэй байгаа. Мэргэжлийн оролцогчдын зарим нь энэ IPO-г амжилттай хийх боломжгүй, Монголын хөрөнгийн биржид эрсдэлтэй хэмээн тайлбарласан ч Засгийн газар ирэх оны эхний улиралд багтаан хувьцааг дотоодын болон олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 1,072 хувьцаа амь орно гэсэн өндөр хүлээлт иргэдэд байгаа билээ.

6. Гадаад худалдааны эргэлт

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 11.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилээс бараг 2.3 тэрбум ам.доллар буюу 23.6%-аар өссөн үзүүлэлт юм. Энэ жилийн хувьд гадаад худалдааны 6.5 тэрбум долларыг экспорт, импорт 5.4 тэрбум ам.долларыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14%, импорт 37.6%-аар өсжээ. 

График 6. Гадаад худалдаа сүүлийн гурван жилийн арваннэгдүгээр сарын байдлаар 

Тэр дундаа нүүрсний экспортын хувьд, 2018 онд 44.4 сая тонн нүүрс олборлосноос экспортын хэмжээ 36.5 сая тоннд хүрч байгаа нь түүхэн дээд үзүүлэлт.

График 7. Нүүрсний экспорт, сүүлийн 2010-2018 он

Харин Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 2.3 тэрбум доллараар өссөний 1.5 тэрбум ам.долларыг импортын өсөлт эзэлсэн юм. Эдийн засаг бага зэрэг сайжирсан нь эрэлтийг өдөөж, иргэд орлогоо импортын бараа, бүтээгдэхүүнд зарцуулснаас гадна шатахууны импорт нийт дүнгээрээ өссөн нь нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж буй.  

7. Чанаргүй зээл 2.0 их наяд болтлоо өсөв

Банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ арав, арваннэгдүгээр сард огцом өсөж, 2.0 их наяд төгрөгт хүрлээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 911 тэрбум төгрөг буюу 78.8%-иар нэмэгдсэн гэсэн үг. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 12.4 хувьд хүртлээ нэмэгдэв. Ийнхүү чанаргүй зээлийн эзлэх хувь хоёр оронтой тоонд хүрэх нь санхүүгийн системд аюулын дохио өгч буй үзүүлэлт гэдгийг эдийн засгийн мэргэжилтнүүд анхааруулж буй.

График 8. Чанаргүй зээлийн хэмжээ, сүүлийн гурван жилээр

 

M2 буюу зах зээл дээрх нийт мөнгийг үржүүлэгч нь банкны салбар байдаг. Гэвч энэ салбарын 12.4 хувийг чанаргүй зээл эзэлчихээр банкууд мөнгө үржүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэхээр байгааг эдийн засагчид анхааруулж байна.