Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайдын хүүгийн хуудсыг Фэйсбүүк компани түр хаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Муслимуудын эсрэг, Палестинчуудын эсрэг агуулгатай хэд хэдэн мэдээлэл тараасных нь дараа Фэйсбүүк компани Израйлийн ерөнхий сайдын хүүгийн хуудсыг түр хаажээ.

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн хоёр цэрэг палестинчуудад алагдсан бөгөөд энэ явдлын дараа 27 настай Яир Нетаньяху “мангаснууд”-аас өшөө авахыг уриалсан мэдэгдэл фэйсбүүк хуудсандаа нийтэлж байв.

Улмаар Фэйсбүүк компани түүний хуудсыг 24 цагийн хугацаанд хаасан байна.

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хүү өнгөрсөн долоо хоногт бас Израйлиас бүх муслимуудыг хөөж гаргахыг уриалж, нүүхэд бэлдэхийг палестинчуудад сануулж байжээ.

Ням гарагт Яир өөрийн устгагдсан постын зургийг оруулаад “Фэйсбүүк компанийн радикал үзэлтнүүд миний постыг устгачихлаа” гэж тайлбарласан байна.

Фэйсбүүк компанийн гаргасан мэдэгдэлд Яир Нетаньяху бусдыг үзэн ядсан агуулгатай пост нийтэлсэн нь тус компанийн бодлогыг зөрчиж байгаа тул зохих арга хэмжээг авсан гэжээ. Харин Фэйсбүүк компанийг шүүмжилсний төлөө уг арга хэмжээг аваагүй гэж мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн том хүү Яир сошиал сүлжээнд үе үе маргаантай мэдэгдэл нийтэлдгээрээ алдартай. Өнгөрсөн онд тэр аавынхаа шүүмжлэгчдийг, тэдний дотор алдарт тэрбумтан Жорж Соросыг элэглэн тохуурхсан агуулгатай мэдээлэл тарааж байв.

Ерөнхий сайдыг шүүмжлэгчид Яир Нетаньяхуг засгийн газарт тодорхой албан тушаал хашдаггүй мөртлөө эцгийнхээ жолооч, бие хамгаалагчийг ашиглах зэргээр тусгай хамгаалалт, хангамжийг нь давхар эдэлдэг хэмээн буруутгадаг юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 16 | 17 цаг