Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Японтой маргаантай байдаг Докдо арал дээр Өмнөд Солонгос цэргийн сургуулилалт эхлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын тэнгисийн флот, эргийн харуулын алба, агаарын хүчний хамтарсан цэргийн сургуулилалт Докдо арал дээр эхэлжээ. Өмнөд Солонгос, Япон хоёр улсын дунд газар нутгийн маргаан үүсгэдэг тус арал нь хос хадан цохионоос бүрддэг.

Хоёр өдөр үргэлжлэх ажиллагаанд 3,200 тонн жинтэй байлдааны аварга хөлөг болон бусад долоон тэнгисийн хөлөг, F-15K сөнөөгч тэргүүтэй хэд хэдэн нисэх онгоц, UH-60 нисдэг тэрэг зэрэг зэвсэг, техник оролцож байгааг албаныхан мэдээлжээ.

Өмнөд Солонгос 1986 оноос хойш Докдо аралд цэргийн сургуулилалт явуулж эхэлсэн. 2003 оноос хойш жилд хоёр удаа тогтмол зохион байгуулдаг болжээ

Сургуулилалтын зорилго нь арлыг гадны халдлагаас хамгаалах бэлтгэлийг хангах юм. Өмнөд Солонгосын газар нутгийн хамгийн зүүн зах хязгаар гэгддэг уг арлыг Сөүл 1945 онд Японы колоничлолоос салснаасаа хойш хянаж, харуулын пост тогтмол ажиллуулах болсон.

Харин Япончууд уг арлыг Такешима хэмээн өөрийнхөөрөө нэрлэж, өөрийн газар нутагт тооцон Өмнөд Солонгостой дипломат шугамаар маргалддаг.

Өнөөдөр цэргийн сургуулилалт Докдо арал дээр эхлүүлсэнд Японы засгийн газар харамсаж буйгаа илэрхийлээд даруй зогсоохыг Сөүлийн эрх баригчдад уриалсан байна.

 

Эх сурвалж: Yonhap News