Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын хоёр дахь иргэн Хятадад баривчлагдсан байж болзошгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компанийн захирлыг Ванкуверт баривчилсантай холбоотой үүссэн Канад-Хятадын дипломат маргаан үргэлжилж байна.

Саяхан Канадын дипломатч асан Майкл Ковригийг Хятадад баривчилсан тухай мэдээлэл тарсан. Тэгвэл тус улсын хоёр дахь иргэн баривчлагдсан байж болзошгүйг өнөөдөр мэдээлжээ.

Канадын гадаад хэргийн сайд Кристиа Фрилэнд баривчлагдсан байж болзошгүй иргэний нэрийг Майкл Спэвор гэж мэдэгдсэн байна. Хятадад амьдардаг Спэвор Умард Солонгост жуулчдыг аялуулдаг “Paektu Cultural Exchange” компанийг удирддаг ажээ.

NBA-гийн од Дэннис Родмэны Умард Солонгост хийсэн нэг аялалыг нь Спэвор зохион байгуулсан гэгддэг юм байна.

Өнгөрсөн Даваа гарагт Ковригийг баривчлагдсаны дараа түүнийг Хятадын эрх баригчдад байцаагдсан тухай мэдээллийг Канадад хүлээж авчээ.

“Тэр мэдээллээс хойш бид түүнтэй холбоо барьж чадахгүй байна. Спэворыг хаана байгааг тодруулахаар Хятадын талд хандсан. Гэр бүлтэй нь холбоотой байгаа” гэж Канадын гадаад хэргийн сайд өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр ярьсан байна.

Ковриг, Спэвор нар бие биеэ таньдаг хүмүүс байжээ. Спэвор энэ долоо хоногт Сөүлд ажиллах төлөвлөгөөтэй байсан ч хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй байгаа гэнэ.

Өмнө нь Хятад, Хонг Конг, НҮБ-д Канадыг төлөөлөн ажиллаж байсан Майкл Ковриг одоо International Crisis Group (ICG) стратегийн судалгааны байгууллагад ажилладаг. Түүнийг Хятадын үндэсний аюулгүй байдалд хор хүргэх үйл ажиллагаатай холбогдуулан баривчилсан гэж таамаглаж байгаа юм.

Одоогоор Канадын тал сураггүй болсон иргэдийнхээ асуудлыг Huawei компанийн захирлыг баривчилсан хэрэгтэй холбож тайлбарлахаас зайлсхийж байна.

 

Эх сурвалж: The Guardian