Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

K-pop охидтой сурталчилгааг Индонезид хориглосныг фэнүүд нь эсэргүүцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын охидын Blackpink хамтлагийн гишүүд оролцсон сурталчилгааг Индонезийн эрх баригчид хориглох шийдвэр гаргажээ.

Мягмар гарагт тус улсын өргөн нэвтрүүлгийн зөвлөл орон нутгийн телевизийн 11 сувагт дээрх сурталчилгааг цацахгүй байх захирамж хүргүүлжээ. Богино банзалтай охид Shopee онлайн дэлгүүрийг сурталчлан дуулж, бүжиглэж байгаа нь хэт задгай, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үзэгдэл гэж эрх баригчид дүгнэсэн байна.

Индонез бол дэлхийн хамгийн олон хүн амтай Исламын шашинт орон юм. Гэвч Өмнөд Солонгосын k-pop урсгалд хүчтэй татагдах болсон тус улсын залуу үе эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн тэмцэж эхэлжээ. Зөвлөлийн хоригийг цуцлуулахын төлөө гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнөж, үүнд нэгдсэн хүний тоо нь 100,000 даваад байна.

Тэд Blackpink хамтлагийн гишүүдийн хувцаслалтыг хэвийн үзэгдэл гээд өнөөдөр Индонезийн хаана ч ингэж хувцасласан охид бүсгүйчүүдийг харж болно хэмээн гомдолложээ.

Хөвгүүдийн хамтлаг голлодог k-pop ертөнцөд Blackpink хамтлаг богино хугацаанд алдаршиж, эх орондоо болон гадаадад асар олон тооны фэнтэй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP