Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нинжа нар Японы ерөнхий сайдын өрөөнд “нэвтэрчээ”

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нинжагийн өмсгөлтэй хэсэг хүн өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн албан өрөөнд “нэвтэрч”, хуйлаастай цаасан дээр бичсэн хоёр хэсэг хүсэлтээ гардуулжээ.

Үнэндээ тэдгээр нь дэлхий дахинд өргөн танигдсан Японы соёлын нэг хэсэг болох нинжаг ашиглаж улс орноо гадаадын жуулчдад сурталчлах зорилготой хүмүүс байжээ.

Нийт есөн нинжа Абэтай уулзсаны дөрөв нь парламентын гишүүд, тав нь Японы Нинжагийн Зөвлөл байгууллагын гишүүд байсан гэнэ. Шинзо Абэ хурц тод өмсгөлтэй бүсгүйчүүдийг “та нар ийм хурц тод хувцас өмссөн ч манай хамгаалалтыг нэвтэлж чадлаа гэж үү” хэмээн хошигносон байна.

Тэр бас “Дэлхий дахинд олон хүн нинжаг мэддэг. Бид энэ боломжийг ашиглаж, нинжагийн урлагийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Төлөөлөгч нинжа нар удахгүй Японд болох олон улсын хоёр томоохон арга хэмжээний үеэр нинжагийн урлагийг таниулахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаасаа хүссэн байна.

2019 онд тус улсад дэлхийн рэгбигийн аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн 2020 онд Токиод Зуны олимпийн наадам болох билээ. Тэд рэгбигийн тэмцээний үеэр гадаадын жуулчдад зориулсан нинжагийн байгууламж ажиллуулах зорилготой. Мөн 2020 оны зуны олимпийн нээлт, хаалтын ажиллагааны үеэр нинжагийн шүрикен гэгддэг од шидэх техникийг дэлхий дахинд үзүүлэх хүсэлтэй гэнэ.

Тагнуул хийх, аллага, тусгай ажиллагаа зохион байгуулах зорилготой тусгай мэргэжилтнүүдийг нинжа, тэдний эзэмшсэн тулааны урлагийг нинжицү хэмээн нэрлэдэг. Үе удам дамжсан ийм дайчид дундад зууны Японд байсан бөгөөд Эдогийн (1603-1868) үеэс алгуур устаж үгүй болсон юм.

Нинжа нь Японы “зөөлөн хүч”-ний нэг хэсэг болж дэлхий дахинд энимэйшн, манга, тоглоом, кино хэлбэрээр өргөн тархсан ойлголт.

Өчигдрийн уулзалтад Миэ мужийн захирагч Эйкэй Сузуки оролцсон байна. Тус мужийн Ига хот нь түүхэнд нинжагийн хамгийн том хоёр овгийн нэгний төв байсан газар юм. Нөгөө төв нь хөрш Шига мужийн Кока хот ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News