Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлын эсрэг өлсгөлөн зарлаач, Ерөнхийлөгч өө

Д.Дорж, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бид агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авах чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч, үр хүүхдэдээ амны хаалт зүүхийг зөвлөдөг төртэй болоод удаж байна. Цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй. Эхний зөвлөмжийг өнгөрсөн онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс гаргасан.

Уг нь Улаанбаатар хотын утаа ужгираад нэг биш нэжгээд жилийг үдэж буй. Гэвч ҮАБЗ анх удаа Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн нь тэр бөгөөд гамшгийн үеийн хориглох, хязгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр болсон. Улмаар хотын мээр хөдөөгөөс нийслэлд шилжин суурьшихыг хориглох зэргээр УИХ, Засгийн газраас авахуулаад төрийн бүхий л төвшинд тогтоол, тушаал, хөтөлбөр нэртэй баахан бичиг цаас үйлдвэрлэсэн ч амьдрал дээр эс хэрэгжив.

Хэрэгжилтийнх нь үр дүн өнөөдөр бидний амьсгалж буй хорт угаар, түүнээс улбаатай зүрх судас, амьсгалын замын өвчлөлөөр илэрч байна. Тэдгээрийн нэг нь Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж агаар, орчны бохирдлыг 2025 онд гэхэд 80 бууруулах сайхан зорилт дэвшүүлсэн байдаг. Үүнд Монгол Улсын нэг жилийн төсөвтэй дүйцэх буюу 9.9 их наяд төгрөг шаардлагатай гэх тооцоог албаныхны зүгээс танилцуулсан ч анхнаасаа л эргэлзээ дагуулж байв.

Энэ хугацаанд төрийн өндөрлөгүүдийн хооронд олон ч удаа бичиг цаас шийдэлцлээ. Мөн л ажил хэрэг болж хэрэгжээгүй. ҮАБЗ-ийг тэргүүлдэг Ерөнхийлөгч өнгөрсөн онд гамшгийн эсрэг онцгой байдал зарлан тэмцэх саналаа илэрхийлсэн ч агаарын бохирдол 24 цагийн турш үргэлжилдэггүй гэдэг шалтгаанаар УИХ дэмжээгүй юм.

Саяхан Ерөнхийлөгч агаарын бохирдлын эсрэг улс төрийн тэмцлийнхээ үргэлжлэл болгон ерөнхий хяналтын сонсгол явуулъя хэмээн УИХ-ын даргад ханджээ. Тэрбээр өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг албан бичгийнхээ эхэнд тодотгосон бөгөөд “Төрийн эрх барьж буй МАН-ын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл тэмцлээ дуусган, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа яаралтай орж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна.

Миний бие өнгөрсөн онд УИХ-д хандан, ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон боловч УИХ “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн тухай хариу ирүүлсэн.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна.

Иймд Нийтийн сонсголын тухай хуулийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор  ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн найм дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг хүсье” гэжээ.

Албан бичигт дурдсанаар Ерөнхийлөгч 2008-2016 оны хооронд утаа бууруулах нэрийдлээр 550 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан гэх мэдээлэлтэй байгаа аж. Үр өгөөжөө өгөөгүй энэ үрэлгэн зарцуулалтын асуудал нийгэмд хаалттай байж ирсэн бөгөөд зарим нэг албан тушаалтны халаасанд орсон талаар мэдээлэл ч хөвөрдөг. Үүний нэгээхэн хэсэг нь татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, эмнэлгүүдийг хятад голдуу агаар цэвэршүүлэгчээр хангаж буй явдал юм л даа.

Хамгийн сүүлд төсөв мөнгөний асуудал хэлэлцэхэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утаа бууруулах хамгийн оновчтой арга нь янданд индукцийн аргаар бүрэн шаталт явуулдаг шүүлтүүр тавих явдал” хэмээгээд нэг бүр 200 ам.долларын үнэтэй шүүлтүүрийг 20 ам.доллар хүрэхгүй зуух бүрд шахах дөхсөн. Тэрбээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах боломжтой гэсэн энэхүү төлөвлөгөөнийхөө үр дүнг өөрийнхөө албан тушаал, алдар хүндээр баталгаажуулсан ч яг төсөв хэлэлцэх мөчид ганц үг ган хийгээгүй нь бас л эргэлзээтэй.

Сураг сонсох нь байгаль орчны сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог толгойлох болсноос хойш шүүлтүүр ярьж байсан шигээ УИХ-д нэг ч удаа ажлаа тайлагнаагүй юм байна. Өнөөдөр төр засгаас агаарын бохирдлын эсрэг ямар ажил хийж байгаа талаар лавлахад, хамгийн мэдээлэлд ойр гэгддэг УИХ-аас томилсон ажлын хэсэг, байнгын хорооны дарга, ахлагч нар ч мэдээлэлгүй байна гэдэг болсон.

Энэ талаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг гишүүн ярихдаа, “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-аас гаргасан. Манай ажлын хэсгээс өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд тогтоолын хэрэгжилтийг хангаж биелүүлэх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт хоёр удаа зөвлөмж хүргүүлсэн.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог Байгаль орчны байнгын хорооноос хамтарсан хуралдааныг гурван удаа явууллаа. Байнгын хороодын хуралдаанаас зөвлөмж хүргүүллээ. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дорвитой ажил хийсэнгүй.

Үндсэндээ УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт тайлан мэдээллээ ирүүлж байх хүмүүс нь ажлаа хийхгүй байна. Сүүлд Ерөнхий сайдын ахалж байсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ахалдаг болсон юм билээ. Харин сайд нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна.

Арваннэгдүгээр сарын 5-нд ажлын хэсгийн гишүүд байгуулагдсан гэх сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцъя гэсэн боловч эхлээд Ерөнхий сайд үйлдвэртэй танилцана түүний дараа үйлдвэрт ажиллана уу хэмээн бидний ажлыг хойшлуулсан. Ингээд маш тодорхойгүй байдалтай байна” гэжээ.

Энэ мэтчилэн төр засаг утааны эсрэг үндсэндээ нэг ажил хийгээгүй гэдгийг мэдээлэлд хамгийн ойр эх сурвалжуудын зүгээс өгөх болсон. Харин бодит байдал дээр өнөөдөр бидний амьсгалж байгаа хорт утаа нэмэгдсэн үү гэхээс буураагүй гэдгийг нийслэлийн 1.4 сая оршин суугч дуу нэгтэй гэрчилнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй сонсголыг явуулах шаардлагатай гэдэг нь ч нийгмийн захиалга.

Харин УИХ хүлээж авахгүй бол ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан л эсрэг дуугарсан шигээ агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн ч ажлаа хийдэггүй, зориулалтын мөнгөнөөс нь завшсан сайд дарга нарт хариуцлага тооцуулахын тулд өлсгөлөн зарлаач, Ерөнхийлөгч өө. Тэгэхгүй бол төрийн эрх барих, дээд байгууллага болох УИХ-аас чиглэл өгөөд хүч хүрэхгүй юм байна.

Зураг