Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй байгаад олон нийтээс уучлал хүсэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхлэх товтой байдаг ч одоог хүртэл хуралдаагүй байна. Учир нь Засгийн газрын гишүүд тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй, ирц бүрдэхгүй байгаагаас чуулган хуралдах боломжгүй болоод байна

Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Чуулганы танхимд яг одоо 35 гишүүн байна. Бусад гишүүн орж ирэхгүй байгаагаас УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй боллоо. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэх асуудал оруулж ирсэн ч салбарын сайд нь орж ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй, санал хурааж чадахгүй хоёр хонолоо. 

УИХ-ыг ард түмэн сонгодог. Сонгохдоо улс орны бодлого чиглэлийг тодорхойл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж та биднийг сонгосон. Засгийн газрыг УИХ томилсон. Бид Засгийн газрыг томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, УИХ-д асуудлаа тайлагнах ёстой гэж томилсон. 

Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд хоёр хоног бойкотолж байна. Бид бинзен тосны асуудал, валютын ханшийн талаар Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоногийн нүүр үзэж байна. Өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурван долоо хонолоо. 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг Их хурал хэлэлцээд итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэдэг шийдвэр гаргасан.  Одоо Засгийн газар улс төржилтөө зогсоож ажлаа хийхийг шаардаж байна.

Гадна цаг агаар, өвөлжилтийн байдал хүндэрч байна. Улс орны хэмжээнд мал тооллогын ажил ч явагдаж байна. Энэ олон ажил, арга хэмжээнүүдийг Засгийн газар зохион байгуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэхэд ямар арга хэмжээ авах гэж байгаагаа Их хуралд танилцуулж ажиллах ёстой. 

Тиймээс Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллааг тасалдуулахгүй байхыг шаардаж байна. 

Төр тогтвортой байх ёстой. Би ийм байр суурьтай байгаа. Үүний төлөө ч явна. Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого хийж байна. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэж УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал. 60 тэрбум гэх хэргээр ЖДҮ-гийн хэргийг дарах оролдлого сурталчилгааг хийх боллоо. Энийг зогсоох ёстой. 

60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв дэд хорооны ирц бүрдэхгүй бол гишүүдээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувиар үүрэг болгож байна. 

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу санал санаачилгаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явагдах ётсой. УИХ-ын хоёр өдрийн чуулган хуралдаж чадсангүй. Би үүнд олон нийтээс уучлал хүсэж байна. Өнөөдрийн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэв. 

 

Зураг
13 | 16 | 16 цаг